БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чин Ган гурван долоо хоногийн турш олны өмнө гаралгүй сураггүй алга болсон тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Тус мэдээллийг хүргэснээс хойш өдгөө 8 өдөр өнгөрч байгаа юм.
Тэгвэл мягмар гарагт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо яаралтай хуралдаан зарлахдаа түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Гэсэн хэдий ч ямар үндэслэлээр түүнийг түдгэлзүүлж байгаа талаар хэн ч ямар ч тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна.
Улмаар бүхэл бүтэн нэг улсын Гадаад хэргийн сайд учир битүүлгээр алга болсон явдал олон улс хийгээд Хятадын ард иргэдийн анхаарлыг ихэд татаж, лхагва гарагт цахим орчинд хүмүүс Гадаад хэргийн сайд асан Чин Ганы талаар хайлт хийх нь нэмэгджээ.
Үйл явдлын хүрээнд түүний албан тушаалыг өмнө нь Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан ноён Ван И хүлээн авсан байна.
Эх сурвалж: BBC