Дэлхийн эрчим хүчний салбарт 2024 онд ажиглагдах таван чиг хандлага
1 сарын 20. 4:460

2022 оны 2-р сард ОХУ Украинд түрэмгийлсний дараа эрчим хүчний аюулгүй байдал дэлхийн хэмжээнд урьд өмнө байгаа чухал асуудал болж хувирсан билээ. Учир нь Оросын байгалийн хийн импортоос ихээхэн хамааралтай байсан Европын орнууд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлага тулгарснаар эрчим хүчний үнэ огцом өссөнийг бид мартаагүй.

Украины дайн гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй энэ үед өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний геополитикийг улам бүр тогтворгүй болгож байна. Үүнтэй холбоотойгоор Financial Times сонин саяхан “Дэлхийн эрчим хүчний салбарт 2024 онд ажиглагдах таван чиг хандлага”-ын талаар онцлон тэмдэглэснийг сонирхуулъя.

1. Газрын тосны үнэ тогтворгүй байх хэдий ч “тэнгэрт тултал өсөхгүй”

Түүхий газрын тосны зах зээлийн шинжээчдийн таамаглаж буйгаар энэ онд газрын тосны үнийн өсөлт суурь үзүүлэлтүүдээс болж нэг их өсөж чадахгүй гэжээ. Ойрх Дорнод дахь нөхцөл байдал өдөр ирэх тусам дордсоор байгаагийн улмаас газрын тосны салбарт тогтворгүй байдал үргэлжлэх боловч дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд удаашралтай байгаа нь тус салбарын бүтээгдэхүүний үнийг тогтвортой түвшинд барихад туслах болно хэмээн дүгнэжээ. Түүнчлэн АНУ-ын түүхий газрын тосны олборлолт нэмэгдэж байгаагаас гадна нийлүүлэлтийг танах асуудлаас үүдэлтэй ОПЕК-ийн гишүүн орнууд дотооддоо зөрчилдөж байгаа зэрэг нь газрын тосны үнийг хөөрөгдөж буй хүчин зүйлсийг намжаах болно гэв.

Хөрөнгийн удирдлагын CIBC Private Wealth фирмийн эрчим хүчний ахлах эдийн засагч Ребекка Бабин хэлэхдээ "Түүхий газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгч Хятад улсын эдийн засаг тийм ч сайнгүй байгаа нь 2024 онд газрын тосны зах зээлд хамгийн их санаа зовоосон асуудал хэвээр байх нь дамжиггүй юм. Түүнчлэн АНУ-ын түүхий газрын тосны олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн адилаар таамаглаж байснаас давах вий гэсэн болгоомжлол бий” гэж цохон тэмдэглэсэн байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны зүгээс энэ жил газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 83 орчим ам.доллар байх төлөвтэй байгааг мэдэгдсэн юм. Мөн Reuters агентлагийн шинжээчдийн судалгаагаар энэ онд эрэлт бага байхаас хамаарч газрын тосны үнэ баррель нь 80 орчим ам.доллар байх болно гэж таамаглажээ.

2. Эрчим хүчний салбарын компаниуд M&A хэлэлцээр (нэг компани нөгөө компанийг шууд худалдан авах, нэгдэж шинэ компани байгуулах, эсвэл бизнесээ нэгтгэх) хийх боломж байгаа эсэх

Өнгөрсөн жил ExxonMobil компани Pioneer Natural Resources-ийг 60 тэрбум ам.доллароор, Chevron компани Hess-ийг 53 тэрбум ам.доллароор тус тус худалдан авах зэргээр эрчим хүчний томоохон компаниудын дунд хэд хэдэн M&A хэлэлцээр явагдсан билээ. Учир нь өрсөлдөөнтэй зах зээлд бизнесээ солонгоруулах зайлшгүй шаардлага тулгарсан нь гарцаагүй. Гэвч дээр дурдсанчлан өнгөрсөн жил хэд хэдэн томоохон компаниуд M&A хэлэлцээр хийх “хөзрөө дэлгэсэн” тул энэ жил тийм ч олон байхгүй болов уу хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм.

Америкийн эрчим хүчний салбарын томоохон компаниуд дундаас ConocoPhillips л M&A хэлэлцээр хийх талаар нэг ч удаа “ам ангайж байгаагүй” цорын ганц компани гэж хэлэхэд хилсдэхгүй. Олон улсын хууль эрхзүйн Skadden фирмийн M&A хэлэлцээр хариуцсан хуульч Эрик Отнес "Өнгөрсөн онд салбартаа тэргүүлэгч компаниудын дунд М&A хэлэлцээр цөөнгүй явагдсан ч дундаж хэмжээтэй компаниуд энэ давалгаанд нэгдэх эсэхийг хэлэх хэцүү” хэмээн дурджээ.

3. Цаг үеийн нөхцөл байдлаас үл хамааран үргэлжилсээр байх шинэ, сэргээгдэх эрчим хүчний экосистемийн бүтээн байгуулалт

Өнгөрсөн жил салхи, нар, устөрөгч зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбар бүхэлдээ хохирол амссан нь үнэн билээ. Учир нь зээлийн хүү нэмэгдсэнээс гадна түүхий эдийн үнийн өсөлт, тусгай зөвшөөрөл олгох ажил удаашралтай байгаа зэрэг хэд хэдэн томоохон асуудлаас хамаарсан юм. Дээр дурдсан асуудлууд энэ жил ч сэргээгдэх эрчим хүчний салбар дахь гол хаалт, саад болох хэдий ч сэргээгдэх эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт дахин дээд амжилтыг эвдэх төлөвтэй байна. Тодруулбал Олон улсын эрчим хүчний агентлаг энэ онд дэлхий даяар 460 гигаваттын (ГВт) хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шинэ байгууламжуудыг суурилуулна гэж таамагласан нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт болох юм.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны онцоосноох энэ онд салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэл түүхэндээ анх удаа нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэлээс давна гэж таамагласан байна. Харин энэ жил устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд амжилттай хэрнээ бүтэлгүй жил гэж тэмдэглэж болох юм. S&P Global Commercial Insights-ийн мэдээлснээр, өнгөрсөн жил хамгийн багадаа есөн улс цэвэр устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор татаас олгохоо зарласан боловч зарлага нэмэгдэж, эрэлт удааширч байгаатай холбоотойгоор тус салбарт тодорхойгүй байдал газар авсан байна.

4. АНУ-ын “Инфляцыг бууруулах тухай хууль” “үр шим”-ээ өгөх үү

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн үр нөлөө үргэлжлэх эсэхийг харах л үлдлээ. Энэхүү хууль нь аж ахуй нэгж, компаниудад 370 тэрбум ам.долларын өртөг бүхий их хэмжээний татварын хөнгөлөлт (татаас) олгох замаар Америк тивд цэвэр эрчим хүчний экосистемийг бий болгох төлөвлөгөөг тусгасан билээ. Гэвч өнгөрсөн жил ажиллах хүч, материалын зардал өсөхийн хэрээр цэвэр эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн шинэ байгууламж барих ажил удааширсан юм. Харин энэ онд Америкт үйлдвэрлэсэн нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн технологид ашиглагддаг сэлбэг, эд ангиудыг туршиж үзэх л үлдсэн. Тодруулбал АНУ-ын анхны нарны эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагддаг исэлдүүлэгч, нарны хавтангийн үйлдвэр энэ оны эцэс гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм.

5. АНУ байгалийн шингэрүүлсэн хийн салбар дахь оролцоо нэмэгдэнэ

АНУ өнгөрсөн онд Катар, Австрали улсыг ардаа орхин, байгалийн шингэрүүлсэн хийн экспортоор дэлхийд тэргүүлсэн билээ. Bloomberg News агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн онд АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хийн экспортын хэмжээ 91 сая тонноос давсан гэж тооцоолжээ. Энэ онд Техас, Луизиана мужуудад байгалийн шингэрүүлсэн хийн хоёр ч шинэ байгууламж ашиглалтад орох ба үүнтэй холбоотойгоор тус зах зээлд Америкийн ноёрхол улам бэхжих төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35