Lockheed Martin, BAE Systems компаниуд Азийг хариуцсан төв компаниа Япон руу нүүлгэхээр болжээ
2023, 8 сарын 29. 8:480

АНУ-ын Lockheed Martin, Их Британийн BAE Systems зэрэг дэлхийн хэмжээний батлан ​​хамгаалахын компаниуд Ази дахь төв салбараа Япон руу нүүлгэх тал дээр анхаарал хандуулах болжээ. Хятад улс Тайванийг түрэмгийлэх эрсдэл нэмэгдэхийн хэрээр уг асуудалд бэлтгэх зэрэг геополитикийн томоохон шалтгааны улмаас ийм шийдвэр гаргаж байх магадлалтай хэмээн зарим шинжээчид үзсэн байна. Түүнчлэн тус улс сүүлийн үед батлан ​​хамгаалахын төсвөө эрс нэмэгдүүлж буй явдал нь ч бас нэгэн шалтгаан болж буй бололтой гэж Японы хэвлэлүүд онцлов.

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 28-ны өдөр мэдээлснээр, Их Британийн батлан ​​хамгаалах салбарын хамгийн том компани болох BAE Systems энэ онд багтаан Малайз дахь Азийг хариуцсан төв компаниа Япон дахь охин компанитайгаа нэгтгэхээр болсон тухай дурдсан байна. Япон дахь энэхүү охин компани нь өнгөрсөн онд байгуулагдсан бөгөөд BAE Systems нь тус компанийг Ази тивийг бүхэлд нь хариуцах бүс нутгийн төв болгохоор төлөвлөж буй бололтой. Тус мэдээнд дурдсанаар “BAE Systems компани нь Японы засгийн газар эсвэл батлан ​​​​хамгаалахын томоохон компаниудад зэвсэг худалдах эсвэл хамтран ажиллах зорилгыг өвөртөлж буйгаас гадна худалдан авалтын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах төлөвтэй байна” гэжээ.

Азийг хариуцсан төв компаниа Япон руу нүүлгэж байгаа явдал нь тус улсын батлан ​​хамгаалахын компаниудад ч бас ашигтай байх төлөвтэй байгаа юм. Тэрчлэн тус компани нь Япон болон Их Британи, Итали зэрэг 3 улсын хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх хамтарсан “Дэлхийн байлдааны нисэхийн хөтөлбөр (GCAP)" гэх төслийн гол компани билээ. Улмаар компанийн зүгээс төслийн түнш болох Mitsubishi Heavy Industries зэрэг компаниудтай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Дэлхийд тэргүүлэгч, АНУ-ын батлан ​​хамгаалахын Lockheed Martin компани ч мөн Азийг хариуцсан төв салбараа Сингапураас Япон руу шилжүүлэх ажил дуусгавар болсон талаар мэдэгдсэн юм. Lockheed Martin компанийн хувьд ч мөргөлдөөн ихтэй байгаа Зүүн өмнөд Азид анхаарлаа хандуулахаас аргагүй байсан бололтой. Тодруулбал Умард Солонгосын тал Япон руу пуужин харваж буй явдал болон Хятад улс Тайванийг заналхийлж буй зэрэг Зүүн хойд Азийн хурцадмал байдал нөлөөлсөн нь ч ойлгомжтой. Ингэснээр тус компанийн Ази дахь төв компани Японд төвлөрч бүс нутаг дахь Өмнөд Солонгос болон Тайванийг хариуцах аж.

Үүнд Хятад улс Тайвань руу халдан түрэмгийлэх эрсдэл сүүлийн үед нэмэгдэж буйтай холбоотой байх магадлал өндөр. Учир нь Нансей арлууд зэрэг Японы зарим бүс нутаг Тайваньтай зэргэлдээ оршдог тул Хятад улс Тайвань руу халдан довтлох эрсдэлийг харгалзан Японы засгийн газар ч батлан ​​хамгаалах чадавхиа ихээхэн бэхжүүлэхэд анхаарч байгаа юм.

Японы засгийн газар саяхан Окинавагийн хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний ангиудыг бригадаас дивиз болгон шинэчилж, Нансей арлууд дахь тээвэр, танкийн флотыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан билээ. Мөн өөрийгөө хамгаалах хүчний “F-35” сөнөөгч онгоцнууд Тайваньтай зэргэлдээ орших Йонагуни, Миякожима хотын нисэх онгоцны буудлуудын зурваст буух боломжийг бүрдүүлэхийн тулд хөөрөх зурвасыг сунгахаар төлөвлөж байна.

Мөн учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэн батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж байгаа нь эдгээр компаниудыг дээрх шийдвэр гаргахад хүргэсэн байх өнпөр магадлалтай гэх дүгнэлт ч мөн гарав. Тухайлбал Японы засгийн газар 2023-2027 он хүртэлх батлан ​​хамгаалахын нийт төсвийг 43 их наяд иен болгон нэмэгдүүлсэн нь одоогийнхоос 1.5 дахин өссөн үзүүлэлт юм. Сөрөх довтолгоонд ашиглах пуужинд 5 триллион иен, батлан хамгаалахын техник хэрэгслийн хуучин эд ангиудыг солих зэрэг засвар үйлчилгээнд хоёр дахин их буюу 9 их наяд иенийг төсөвлөөд байгаа юм.

Японы засгийн газар ч энэхүү боломжийг ашиглан зэвсгийн импортыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээс гадна бусад орны батлан ​​хамгаалахын компаниудтай хамтран бүтээсэн үхлийн аюултай техник хэрэгслийг экспортлох боломжтой болох юм. Nikkei сонинд дурдсанаар “Японы засгийн газар энэ ондоо багтаан батлан ​​хамгаалахын техник хэрэгслийг бусад улс орнуудад шилжүүлэхэд мөрдөх үйл ажиллагааны гурван зарчмыг шинэчлэн боловсруулж эхэлсэн” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү удирдамжийг шинэчлэн найруулахдаа Японы талын бусад орнуудтай хамтран бүтээсэн тоног төхөөрөмжийг гуравдагч орнуудад нийлүүлэх боломжийг олгох аж. Сонирхуулж хэлэхэд өнөөдрийг хүртэл Япон улс бусад орнуудын инженерүүдтэй хамтран бүтээсэн техник хэрэгслийг зөвхөн тус төслийн бүтээн байгуулалтад оролцсон түнш орнуудад л шилжүүлэх боломжтой байсан юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35