Японы автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Mitsubishi Motors БНХАУ-д автомашин үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоохоор шийджээ. Улмаар тэд Хятадын Гуанжоу Автомобиль Групп(GAC)-тэй энэ талаар хэлэлцээрийг эхлүүлсэн байна.
Үүний шалтгаан нь Mitsubishi Motors компанийн Хятад дахь борлуулалт сүүлийн үед зах зээлийн өрсөлдөөнөөс үүдэн удаашрах болсонтой холбоотой юм. БНХАУ-д цахилгаан автомашины зах зээл өргөнөөр тэлж, дотоодын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ч эрчимжих болсноор Японы автомашин үйлдвэрлэгчдэд бүгдэд нь эл асуудал тулгарч байгаа билээ. Үйл явдлын хүрээнд Nikkei Asia сувгаас мэдээлснээр Японы бусад автомашин үйлдвэрлэгчид ч БНХАУ дахь стратегиа эргэн харж байгаа гэжээ.
Mitsubishi Motors компанийн Хунан муж дахь үйлдвэр өнгөрөгч гуравдугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон бол тийнхүү үйл ажиллагаагаа дахин сэргээхгүй болжээ.
Эх сурвалж: Nikkei Asia