Мягмар гарагт эх сурвалжийн дамжуулснаар Энэтхэгийн үндэстэн дамнасан автомашин үйлдвэрлэлийн компани болох Tata ойрын хугацаанд Их Британи улсад цахилгаан автомашины зайн үйлдвэр барих гэж буйгаа олон нийтэд зарлана гэжээ. Тэдний өгүүлснээр албан мэдэгдлийг Tata компани лхагва гарагт хүргэнэ гэсэн юм.
BBC сувгаас мэдээлснээр шинэ үйлдвэр барих ажлыг Их Британийн засгийн газраас ч хөхиүлэн дэмжиж байгаа бөгөөд хэдэн сая фунт стерлингийн дэмжлэг үзүүлж байгаа гэсэн байна.
Салбарын төлөөлөгчдийн үзэж байгаагаар Энэтхэгийн Tata компанийн энэ ажил нь 1980 онд Японы Nissan компани Их Британи улсад үйлдвэрээ байгуулснаас хойших тус улсын автомашин үйлдвэрлэлийн түүхэн дэх хамгийн өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.
Шинжээчдийн тооцсон дагуу шинэ үйлдвэр даруй 9,000 орчим шинэ ажлын байрыг бий болгох бөгөөд Их Британийн цахилгаан хөдөлгүүрт автомашинд шилжих төлөвлөгөөг эрчимжүүлэх үр ашигтай ажээ.
Эх сурвалж: BBC