Харилцагчдынхаа хөрөнгөнөөс хэдэн тэрбум ам.доллар завшсан хэргээр буруутгагдаад буй виртуаль валютын үйлчилгээгээр нэг хэсэгтээ дэлхийд тэргүүлж байсан FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридэд АНУ-ын шүүх 25 жилийн хорих ял оноолоо.
Орон нутгийн цагаар өчигдөр буюу 28-ны өдөр Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүгч Луис Каплан "Энэ хүн ирээдүйд олон үл бүтэх үйлдлийг хийх эрсдэлтэй" гээд түүнд дээр дурдсан ялыг оноож буйгаа мэдэгдэв. Түүнчлэн түүний 11.02 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байна.
Дэлхийн гурав дахь том виртуал валютын бирж болох FTX-ийг үүсгэн байгуулж, "виртуал валютын хаан" гэгдэж байсан Бэнкман-Фрид нэгэн цагт манай гаргийн хамгийн залуу тэрбумтнуудын нэгд тооцогдож байсан билээ. Виртуал валютын салбар уналтанд орсноор 2022 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулагчид FTX-д байршуулсан мөнгөө эргүүлэн татаж эхэлсэн нь тус биржийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлсөн юм.
Энэ үед Бэнкман-Фрид FTX-ийн харилцагчдын хэдэн тэрбум долларын хөрөнгийг завшиж, түүгээрээ компанийнхаа өрийг барагдуулаад зогсохгүй Багамын арлуудад тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан нь илэрсэн билээ.
Эх сурвалж: MBC