Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна
3 сарын 19. 3:480

Apple компани Google-ийн хиймэл оюун ухааны Gemini моделийг iPhone-д суулгах талаар ярилцаж байгаа тухай мэдээ 18-ны өдөр ил болов.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, хиймэл оюун ухааны технологийн хөгжлөөс хоцорсон гэхэд нэг их хилсэдсэн болохгүй Apple компани өөрийн энэхүү сул талаа нөхөх зорилгоор Google-тэй хамтран ажиллахаар зорьж буй талаар онцолжээ. Тус компанийн гол өрсөлдөгч болох Samsung Electronics өөрийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны Gauss болон Google-ийн Gemini моделиудаар өнгөрөгч нэгдүгээр сард худалдаанд гарсан “Galaxy S24” утсаа “тоноглосон” билээ.

Apple компани нь тун удахгүй танилцуулагдах iOS 18 үйлдлийн системдээ өөрийн хөгжүүлж буй хиймэл оюуны загварт суурилсан шинэ технологийг багтаахаар төлөвлөж байгаа ч зураг үүсгэх, текст бичих чадвар бүхий хиймэл оюун ухааны технологийн чадавхийг бэхжүүлэх түншийг хайж байна хэмээн Bloomberg агентлаг эх сурвалжаас иш татан мэдэгдэв.

Хэрэв Google болон Apple компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд Gemini нь дэлхий даяар олон тэрбум хэрэглэгчтэй болж, хиймэл оюун ухааны технологийн өрсөлдөөнд давуу талыг олж авах төлөвтэй байгаа юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн сарын эхээр "Apple нь хиймэл оюун ухааны салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж байна" хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ оны сүүлээр тус салбар дахь ахиц дэвшлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээ онцлон тэмдэглэсэн билээ.

Apple болон Google компаниуд гэрээний нөхцөл, үйлчилгээний нэр, хиймэл оюун ухааны салбар дахь хамтын ажиллагааныхаа алсын хараа зэргийг хараахан тодорхойлоогүй байгаа бөгөөд жил бүрийн зургадугаар сард зохион байгуулагддаг “Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурал” болох хүртэл энэхүү гэрээний талаар Apple компани зарлахгүй болов уу хэмээн Bloomberg агентлаг дурджээ.

Түүнчлэн тус агентлаг “Apple-тэй хийх энэхүү гэрээ нь Gemini моделийн хувьд хамгийн том түншлэл болох бөгөөд Google-ийн хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлтэд маш том хувь нэмэр болох болно” хэмээн үнэлсэн байна.

Гэсэн хэдий ч энэхүү үйл явдал нь Apple-ийн өөрийнх нь хөгжүүлж буй хиймэл оюун ухааны технологи өрсөлдөгчдөөсөө хоцорч байгааг илтгэх томоохон баримт болж буй талаар гадаадын хэвлэлүүд өгүүлжээ.

Гэхдээ Apple компани зөвхөн Google төдийгүй Microsoft-ийн хөрөнгө оруулсан ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI-тай ч энэ талаарх яриа хэлцэлийг хийж байгаа аж.

Apple компани өнгөрсөн оны эхэн үеэс эхлэн өөрийн хөгжүүлж буй том хэмжээний хэлний загварыг туршиж эхэлсэн билээ. Түүнчлэн Apple GPT хэмээх чатботыг ч туршиж үзсэн. Гэвч Apple-ийн хиймэл оюун ухааны технологи нь Google, Microsoft зэрэг компаниудын түвшинд хүрэхгүй байгаа тул ийнхүү өөр компанитай хамтран ажиллах хувилбарыг сонгож буй бололтой.

Нэмж дурдахад Apple нь OpenAI зэрэг хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч бусад компанитай хамтран ажиллах эсвэл хэд хэдэн түнштэй гэрээ байгуулах боломжтой гэдгээ зарлажээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47