А.Лукашенко 2025 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
2 сарын 26. 11:050

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 2025 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний гол дэмжигчдийн нэг болох түүний хувьд төрийн эрх барих хугацаа дахин сунгагдаж магадгүйг харууллаа.

А.Лукашенко парламентын болон орон нутгийн зөвлөлийн сонгуульд саналаа өгсний дараа сэтгүүлчид түүнээс дараагийн сонгуульд өрсөлдөх эсэхийг нь асуужээ. Тэрбээр “намайг өрсөлдөнө гэдгийг тэдэнд хэлээрэй” гэж хариулсныг Беларусийн төрийн мэдээллийн БелТА агентлаг ням гарагт уламжилсан байна. “[Сөрөг хүчин] улам их хичээх тусам миний дахин нэр дэвших магадлал өсөж байна. Санаа зоволтгүй, бид бүхэн Беларусь улсад шаардлагатай бүхнийг хийх болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Беларусийг 1994 оноос хойш удирдаж байгаа А.Лукашенко дахин ялна гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Тус улсад санал хураалт чөлөөтэй, шударга явагддаггүй гэж шинжээчид үздэг. Харин сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская дээрх мэдээг гарсны дараа X хуудсандаа “Лукашенко ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэж хэлсэн үү? Өөрийгөө өргөмжилж л байг. Яасан ч байсан хэн ч хууртахгүй” гэж бичсэн байна.

2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш А.Лукашенко В.Путинтэй харилцаагаа гүнзгийрүүлсэнн ба Оросын арми Беларусийг Киев рүү дайрах талбар болгон ашиглах болжээ. “Европын сүүлчийн дарангуйлагч” гэгддэг А.Лукашенко Евгений Пригожинтэй уулзаж, 2023 оны зургадугаар сард түүний “Вагнер” бүлэглэл Москва руу дайрах гэж байсныг зогсооход зуучилж байжээ.

2020 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд А.Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулсныг урьдчилсан дүн харуулсны дараа үймээн самуун дэгдсэн юм. Ажиглагчид болон сөрөг хүчнийхэн "саналын хуудсыг хуурамчаар үйлдэх явдал газар авсан" гэж үздэг байна. Тус улсын Сонгуулийн төв хороо А.Лукашенко 80.23 хувь, С.Тихановская 9.9 хувийн санал авсныг зарласны дараа С.Тихановская дахин санал тоолохыг шаардаж байв. Сонгуулийн дүнг эсэргүүцэгчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэх үеэр 3000 орчим хүн баривчлагдаж, олон арван хүн шархаджээ. Түүнээс хойш сөрөг хүчний олон хүнийг шоронд хорьж, цөллөгт явуулсан байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35