Орос-Украины дайнаас илүү аюултай “АНУ-ын өөрөө өөртэйгөө хийх дайн”
1 сарын 9. 10:470

Гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй Орос-Украины дайн, гурав дахь сардаа үргэлжилж буй Израиль-Хамасын дайн, удахгүй эхлэх “Америк улсын өөрөө өөртэйгөө хийх дайн” зэрэг нь энэ жил дэлхий дахиныг “хөдөлгөх хүч” болох нь ээ.

Энэ жил дэлхийг заналхийлж буй хамгийн том эрсдэлээр ирэх 11-р сард зохион байгуулагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нэрлэгдсэн байна. Улс төрийн хуваагдал гүнзгийрэх тусам дэлхийн аюулгүй байдал, эдийн засагт урьд хожид байгаагүй нөлөө үзүүлнэ гэх таамаглал газар авах болов. Тодруулбал улам бүр гүнзгийрч буй Орос-Украины дайн, Ойрхи Дорнодыг бүхэлд нь хамарсан хямралыг өдүүлэх вий гэх болгоомжлолыг төрүүлж буй Израиль-Хамасын дайн зэрэг гурван асуудал уг жагсаалтын эхний байруудад багтжээ.

Америкийн улс төрийн зөвлөх компани Eurasia Group орон нутгийн цагаар 8-ны өдөр “2024 оны дэлхийн 10 том эрсдэл”-ийг зарлахдаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг нэгдүгээрт жагсаажээ. Тус компани энэ жилийн хамгийн том эрсдэл бол "Америкийн өөрөө өөртэйгөө хийх дайн” байх болно гэж мэдэгдээд "АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль Америкийн ардчиллыг сүүлийн 150 жилд байгаагүй хэмжээнд сорихын зэрэгцээ дэлхий дахинд Америкт итгэх итгэлийг алдагдуулна" гэж нэмж дурдав. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн Америк төдийгүй дэлхийн 8 тэрбум хүний ​​хувь заяаг тодорхойлох юм.

Ирэх 11-р сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өдгөө 81 настай ерөнхийлөгч Жо Байден (Ардчилсан нам) болон шүүхийн хэд хэдэн асуудалд орооцолдоод буй ерөнхийлөгч асан Дональд Трамп (Бүгд найрамдах нам) хоёрын хооронд өрнөх магадлал өндөр байгаа юм. Гэсэн хэдий ч Eurasia Group-ын зүгээс тус хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь ерөнхийлөгчийн сонгуульд тохиромжгүй нэр дэвшигчид хэмээн үзэж байгаа бөгөөд аль ч нам ялсан сонгуулийн үр дүн "хуудуутай” болж, улс орон эмх замбараагүй байдалд орж болзошгүй гэж дүгнэжээ. Тус хоёр нам ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор зарласнаас хойш энэ хуваагдал улам хурцдах төлөвтэй байгаа юм. Eurasia Group “2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялсан асуудлыг улам хүндрүүлнэ. Энэ бол үндсэндээ "зоосны хоёр тал”” хэмээн мэдэгдсэн байна.

Тодруулбал, ерөнхийлөгч асан Трамп ялсан тохиолдолд Украины дайныг дэмжих бодлого зэрэг гол гол гадаад бодлогууд бодлогын түвшинд өөрчлөгдөж, дэлхийн тавцан дахь АНУ-ын байр суурийг сулруулна гэж дүгнэжээ. Украинд үзүүлэх дэмжлэг багасах тусам Европын холбоо хурцадмал байдалд орох бөгөөд энэ нь Оросын байр суурийг бэхжүүлэхэд нөлөөлнө гэсэн үг юм. Харин Ойрх Дорнодын хувьд ерөнхийлөгч асан Трампын дэмжлэгээр Израиль илүү давамгай байр суурьтай болох төлөвтэй байгаа юм. Харин саяхнаас арай “зөөлрөх” хандлага ажиглагдаж эхэлсэн АНУ, БНХАУ-ын харилцаа дахин хурцдах нь дамжиггүй. Эдийн засгийн үүднээс авч үзвэл Трампын хоёр дахь засаглалын бодлого бүр ч эрс тэс хийгээд хагалан бутаргах магадлал өндөр хэмээн таамаглажээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу уг жагсаалтын хоёр дахь эрсдэлээр “Хадан хясааны ирмэг дээрх Ойрх Дорнод” жагссан юм. Ойрх Дорнодын бүс нутгийг "торхтой дарь” хэмээн нэрлэдэг Eurasia Group Газын зурвас дахь Израиль болон Хамас бүлэглэлийн хоорондох дайн энэ онд улам өргөжин тэлнэ гэж таамагласан байна.

Тодруулбал, Израиль Ливан дахь Ираныг дэмжигч “Хезболла” зэвсэгт бүлэглэл рүү дайрсан тохиолдолд Иран хөндлөнгөөс оролцох, Йемений Ираныг дэмжигч босогчид болох Хуситууд Улаан тэнгисийн худалдааны хөлөг онгоц руу дайрсан тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд шууд хөндлөнгөөс оролцох, Ирак, Сири дэх шийтийн зэвсэгт хүчний дайралтаас болж АНУ-ын цэргийнхэн хохирсон тохиолдолд АНУ-ын тал томоохон хэмжээний хариу арга хэмжээ авч болзошгүй байгаа юм. Eurasia Group "Эдгээр асуудлын аль нь ч бодитоор биелсэн бай дэлхийн эдийн засагт томоохон эрсдэл учрах болно. Израиль-Хамасын мөргөлдөөнийг тойрсон улс төрийн гүн хуваагдал Ойрх Дорнод даяар тархаж байгаа нь тус бүс нутгаар тогтохгүй бусад бүс нутагт улс төрийн болон шашны хэт даврагч үзлийг өдөөж болзошгүй" гэж мэдэгджээ.

Гурав дахь эрсдэл бол Украины дайн юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал, дэмжлэгийг хэдийнэ алдсан Украин эцэстээ Оросын талд алдсан газар нутгаа эргүүлэн авч чадалгүй, хуваагдахад хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлсэн байна. "Энэ бол Украин болон барууны орнуудын хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй үр дүн хэдий ч харамсалтай нь бодит байдал болох нь тодорхой. ОХУ өдгөө байлдааны талбарт манлайллаас гадна материаллаг давуу талыг бий болгож чадсан. Энэ жил бүр ч их хэмжээний Украины газар нутгийг эзэлж магадгүй” гэж Eurasia Group мэдэгдэв. Цааш нь үргэлжлүүлэн "Энэ жил бол дайны эргэлтийн үе. Украин улс бүр ч хүнд байдалд орчихоод байна. Хэрэв стратеги төлөвлөгөө гаргахгүй бол ирэх жил гэхэд дайнд ялагдах болно” хэмээн анхаарууллаа.

Эдгээр гурван “дайн” дэлхий дахиныг “хөдөлгөх хүч” гэдгийг Eurasia Group онцолж, "Эдгээр асуудлын алинд нь ч нөхцөл байдлыг улам дордуулахаас сэргийлэх ямар нэгэн “ерөндөг” байхгүйн дээр урьдчилан сэргийлэх эсвэл шийдвэрлэх чадамж бүхий удирдагч бүр ч байхгүй нь тодорхой болоод байна” гэв. Eurasia Group үүнийг "Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчгүй дэлхий дахин буюу G-Zero" гэж тодорхойлж, "Бид G-Zero үеийн шууд үр дагавар болох гурван “дайныг” өдгөө нүдээр үзэж байна. Цаашид энэхүү G-Zero үе илүү олон зөрчилдөөнийг дагуулна” хэмээн урьдчилан таамаглажээ.

Үүнээс гадна зохицуулалтгүй хиймэл оюун ухаан энэ оны 10 том эрсдэлийн нэгээр шалгарчээ. Хиймэл оюун ухааныг саарал хирстэй зүйрлэсэн Eurasia Group хиймэл оюун ухааны технологийн хөгжлийн хурд нь төрийн зохицуулалтын хэлэлцүүлгийн хурдыг хол хаяж байгаа тул хүчирхэг хиймэл оюун ухааны технологиуд засгийн газрын хяналтаас гадуур дэлгэрч магадгүй хэмээн онцолсон байна. Ингэснээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар худал мэдээллийг сонгуулийн үеэр урвуулан ашиглах бүрэн боломжтой төдийгүй Ойрх Дорнод болон Украинд үргэлжилж буй геополитикийн мөргөлдөөнийг улам дордуулах нь ч тодорхой хэмээн таамагласан байна. Нэмж дурдахад дэлхийн хамгийн хүчирхэг “хууран мэхлэгч” гэгддэг ОХУ болон Умард Солонгос, Иран улсууд эвсэл, цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн тогтвортой байдалд эрсдэл учруулна гэж Еurasia Group анхааруулсан байна.

Нэмж дурдахад Хятад улсын эдийн засаг хараахан сэргээгүй байгаа явдал, гол ашигт малтмалын салбарт ноёрхох өрсөлдөөн, инфляцын өндөр түвшин, Эль Ниньо үзэгдэл эргэн сэргэсэн, АНУ-ын соёлын дайн зэрэг нь энэ оны 10 том эрсдэлд багтжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01