Э.Блинкений Ойрхи Дорнодод хийх айлчлал Туркээс эхэллээ
1 сарын 8. 11:570

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрхи Дорнод дахь шинэ дипломат ажиллагаагаа Турк улсаас эхлүүллээ.

Э.Блинкен сүүлийн гурван сарын хугацаанд тус бүс нутагт дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал нь Газын зурваст төдийгүй Ливан, Израилын хойд нутаг, Улаан тэнгис, Иракт түгшүүрт үйл явдлууд болж байгаа үед тохиож байна.

Тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Гадаад хэргийн сайд Хакан Фидан нартай уулзлаа. Талууд улам хурцдаж буй нөхцөл байдлыг намжаахын тулд Иран болон түүнийг дэмжигчдэд нөлөөлөхөд Турк болон бүс нутгийн бусад улс орны үүргийн талаар хэлэлцжээ. Мөн Газад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг эрчимжүүлэх, Израилын хүчтэй цохилтын улмаас балгас болж хувирсан Газын зурвасыг дайны дараа сэргээн босгох ажиллагааг төлөвлөж эхлэх гэх мэт асуудлуудыг хэлэлцжээ.

Блинкен, Эрдоган нарын яриа хэлэлцээ эхлэхээс хэдхэн цагийн өмнө Ливаны “Хезболла” бүлэглэл Израилын хойд нутаг рүү олон арван пуужин харваж, үүнийгээ "Ливаны нийслэлд ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтны амийг хөнөөсний хариуд авч буй эхний арга хэмжээ" гэдгийг анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ Йемений хутичууд Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцууд руу халдах нь олширч, олон улсын худалдааны хэвийн үйл явцыг тасалдуулсаар байна. Энэ нь АНУ болон түүний холбоотон улсууд бүс нутаг дахь эргүүлийн хөлөг онгоцуудынхаа тоог нэмэгдүүлж, аюул заналхийлэлд шуурхай хариу арга хэмжээ авахад хүргэсэн юм. 12 дугаар сарын 19-нөөс хойш хутичууд 20 гаруй удаа халдлага үйлдсэн нь хурцадмал байдлыг улам даамжруулж, дэлхийн эдийн засагт учрах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Истанбул дахь Америкийн албаны хүмүүс мэдэгдэхдээ, Э.Блинкен айлчлалынхаа үеэр бүс нутгийг сэргээн босгоход санхүүгийн болон санхүүгийн бус хувь нэмэр оруулах, мөргөлдөөн болж буй бүс нутагт эсвэл ойролцоо газарт явуулж болох олон улсын ажиллагаанд оролцохыг Турк улсаар зөвшөөрүүлэх эсвэл ядаж авч хэлэлцүүлэхийг оролдоно гэжээ. Туркийн эрх баригчид, ялангуяа Р.Эрдоган Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг дайн явуулж байгаагийнх нь төлөө хатуу шүүмжилдэг.

Э.Блинкен мөн НАТО дахь Шведийн гишүүнчлэлийг Турк улс соёрхон батлах нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ. Энэ үйл явц удаан хугацаагаар хойшлогдоод байгаа бөгөөд ойрын хугацаанд дуусна гэдгийг Туркийн тал мэдэгджээ. Швед улс тус эвсэлд элсэх нь Оросын цэрэг Украинд халдан довтолсны хариуд өгөх хамгийн чухал хариу арга хэмжээний нэг болно гэж үзэж байгаа юм.

Туркэд айлчилсныхаа дараа Э.Блинкен Анкарагийн өрсөлдөгч орон, НАТО-гийн гишүүн улс болох Грекийг зорьж, Ерөнхий сайд Кириакос Мицотакистай Газар Дундын тэнгисийн Крит арал дээр орших түүний өргөөнд уулзжээ. К.Мицотакис болон түүний Засгийн газар Газын зурвасын дайн өргөжин тэлэхээс сэргийлэхэд чиглэсэн АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж, нөхцөл байдал цаашид хүндэрсэн тохиолдолд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Э.Блинкен мөн Иордан улсад айлчлах ба ням, даваа гаргуудад Катар, АНЭУ, Саудын Араб зэрэг орнуудад айлчилна. Мягмар, лхагва гарагуудад тэрбээр Израил, Иордан голын Баруун эрэгт айлчилсныхаа дараа Египетэд очих юм.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47