Пүрэв гарагт Япон улсын ерөнхий сайд Фумио Кишидагийн мэдэгдсэнээр тус улсын засгийн газар инфляцаас үүдэлтэй эдийн засгийн цохилтын эрчийг бууруулахаар нийт 17 гаруй их наяд иенийг төсөвлөсөн гэжээ. Улмаар тэд төлөвлөгөөнийхөө хүрээнд зарим татварыг танах юм.
Тодруулбал, Япон улсын засгийн газар ирэх 2024 оны зургаадугаар сараас эхлэн 3 их наяд иенд дүйх хэмжээний орлогын албан татвар, оршин суугчийн татварыг түр хугацаанд бууруулах гэнэ. Төлөвлөгөө ёсоор, тэд нэг удаадаа орлогын албан татварыг иргэн бүрд 30,000 иенээр бууруулах бол оршин суугчийн татварыг иргэн бүрд 10,000 иенээр бууруулах ажээ. Харин дээрх татваруудаас чөлөөлөгдсөн, бага орлоготой өрхүүдэд нэг удаадаа 70,000 иен олгох юм.
Түүнчлэн засгийн газрын зүгээс газрын тос, цахилгаан, байгалийн хийн үнийг хөнгөлөх бодлогоо 2024 оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлүүлэх болсон байна.
Эх сурвалж: Nikkei Asia