Хуавэй компанийн шинэ ухаалаг утас АНУ-ыг “шок”-нд оруулжээ
2023, 9 сарын 5. 2:320

Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн салбартаа Хятаддаа тэргүүлэгч Хуавэй компани АНУ-ын Худалдааны сайд Жина Реймондог тус улсад айлчлахтай зэрэгцэн хамгийн сүүлийн үеийн, дээд зэрэглэлийн ухаалаг гар утсаа танилцуулсан явдал нь АНУ-ыг хүнд цохилтод оруулав бололтой.

Учир нь Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгчид АНУ-ын хатуу хориг арга хэмжээг ч үл харгалзан дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц ухаалаг гар утас бүтээж чадсан нь тус улсын хагас дамжуулагчийн үйлдвэрлэл хүнд байдалд орох нь байтугай АНУ-аас хараат байдлаас ангижирч, бие даан хөгжиж эхэлж байна гэж хэлж болох юм.

Америкийн өдөр тутмын Вашингтон Пост сонины орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн сарын 29-нд худалдаанд гарсан Хуавэй компанийн “Мэйт 60 Про” (Mate 60 Pro) ухаалаг утас нь "АНУ-ын хориг арга хэмжээ нь Хятадын гол технологиудыг хөгжүүлэхэд саад болж чадахгүй байна гэх болгоомжлолыг АНУ-ын улс төрд төрүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Тус мэдээнд дурдсанаар “Мэйт 60 Про”(Mate 60 Pro) нь Хятадын инженерүүдийн өөрсдийн бүтээсэн 7 нанометр (нм = метрийн 1 тэрбум дахь) процессын хагас дамжуулагчийг ашигласан бөгөөд "АНУ нь Хятад дахь сүүлийн үеийн хагас дамжуулагчийн импорт, үйлдвэрлэлийг хааснаараа хиймэл оюун ухаан болон том өгөгдөл зэрэг шинэ салбар дахь хөгжүүлэлтийг боомилох гэсэн санаа нь үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна” хэмээн дүгнэжээ.

Тун хачирхалтай нь тус компанийн зүгээс энэхүү хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсаа олон нийтэд албан ёсоор танилцуулсан хэдий ч яг ямар процессор ашигласан болох хөдөлгөөнт холбооны хэд дэх үеийг ашиглах боломжтой зэрэг гол үзүүлэлтүүдийг ил болгоогүй юм.

Гэсэн хэдий ч Хятадын төрийн мэдлийн Төв Телевизийн (CCTV) харъяа Англи хэлээр дамжуулдаг өргөн нэвтрүүлгийн СиЖиТиЭн (CGTN) суваг хэлэхдээ, Хуавэй компани нь анх 2019 онд АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн үеэс хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт бүхий процессороор тоноглогдсон анхны ухаалаг гар утасны загвар болж байгаагаараа “Мэйт 60 Про” (Mate 60 Pro) нь тун онцлог юм хэмээн дурдсан байна. Түүнчлэн Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч ЭсЭмАйСи (SMIC) компани тус ухаалаг утсанд ашиглагдсан хагас дамжуулагчийг үйлдвэрлэсэн гэжээ.

Салбарын эх сурвалжууд “Мэйт 60 Про” (Mate 60 Pro) нь хөдөлгөөнт холбооны 5-р үеийн (5G) чипийг ашигласан гэж зарим шижээчид онцолсон ба худалдан авагчдын ярьж буйгаар жишиг туршилтаар тус утас нь бусад сүүлийн үеийн 5-р үеийн ухаалаг гар утаснуудтай ижил түвшинд ажилласан болохыг баталсан байна.

Вашингтон Пост сонины мэдээлснээр ЭсЭмАйСи (SMIC) компани нь “Мэйт 60 Про” (Mate 60 Pro)-д зориулсан чип үйлдвэрлэхэд ашигласан 7 нанометрийн хагас дамжуулагч нь Эпл (Apple) компанийн 2018 онд гаргасан Айфон (iPhone) ухаалаг утсанд ашигласан хагас дамжуулагчийн технологитой ижил гэв. Сонирхуулахад Тайванийн ТиЭсЭмСи (TSMC) компанийн үйлдвэрлэж буй хамгийн сүүлийн үеийн Айфон (iPhone) ухаалаг утасны хагас дамжуулагч нь одоогоор 4 нанометр процессыг ашигладаг аж.

Хятадын хувьд хэдийгээр хатуу хориг арга хэмжээнд өртөж байгаа ч хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийг бие даан зохион бүтээж, үйлдвэрлэж чадсан нь үнэхээр гайхаш төрүүлэхээр зүйл гэж АНУ-ын шинжээчид үзэв.

Албрайт Стоунбридж зөвлөх компанийн ахлах дэд ерөнхийлөгч Пол Триоло “Америкийн технологигүйгээр барууны дэвшилтэт загварууд шиг өндөр биш ч мэдэгдэхүйц сайн үзүүлэлттэй бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэх хангалттай боломж бий гэдгийг харуулсан явдал боллоо. Энэ нь геополитикийн асар их ач холбогдолтой юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тус ухаалаг утасны нээлт нь АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй хагас дамжуулагчийн хориг арга хэмжээ, экспортын өндөр тариф зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэхээр Худалдааны сайд Реймондог Хятадад айлчлах үетэй давхцсан бөгөөд Вашингтон Пост сонин үүнийг АНУ-ын хориг арга хэмжээг "эсэргүүцэж буйн илэрхийлэл" хэмээн үзсэн байна.

Хуавэйгийн эсрэг хориг арга хэмжээ авснаар Хятад улс АНУ-д найдахын оронд өөрийн гэсэн хагас дамжуулагчийг хөгжүүлэх, үйлдвэрлэх чадавхитай болох нь цаг хугацааны л асуудал хэмээн АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгчид тухайн үед сануулж байсан ба өдгөө уг сануулга бодит байдал болж буй бололтой.

АНУ-ын Тафтсын их сургуулийн профессор Крис Миллер "Энэ үйл явдал нь Хятадын ХуаВэй зэрэг технологийн компаниуд инновацийн асар их чадавхитай хэвээр байгааг харуулж байна. Улмаар АНУ-ын улс төрчдийн дунд Хятадтай холбоотой зохицуулалтыг чангатгах эсэх талаар маргаан ширүүсч магадгүй юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49