Даваа гарагт дижитал хөгжмийн үйлчилгээ санал болгодог Spotify компаниас мэдэгдсэнээр тэд үйлчилгээнийхээ үнийг нэмэхээр шийдвэрлэжээ.
Тэдний мэдэгдсэн дагуу Spotify АНУ-ын хэрэглэгчдийнхээ хүрээнд нэг хүний премиум үйлчилгээний үнийг сарын 9.99 ам.доллароос 10.99 ам.доллар болгон нэмэх болсон байна. Үүнтэй төстэй үнийн өсөлт Их Британи, Канад, Австрали тэргүүтэй 49 орны хэрэглэгчдийг ч мөн хамрах ажээ.
Spotify-ийн премиум үйлчилгээний хувьд үнэ төлбөргүй үйлчилгээнээсээ ялгарах хамгийн том онцлог нь зар сурталчилгаа үзүүлдэггүй юм.
Шийдвэрийн хүрээнд BBC сувгаас мэдээлснээр, Spotify Premium Duo үйлчилгээнийхээ нэг сарын төлбөрийг 12.99 ам.доллароос 14.99 ам.доллар болгож, Premium Family үйлчилгээнийхээ нэг сарын төлбөрийг 15.99 ам.доллароос 16.99 ам.доллар, Premium Student үйлчилгээнийхээ төлбөрийг нэг сарын 4.99 ам.доллароос 5.99 ам.доллар болгон нэмсэн гэжээ.
Spotify компани урьд 2021 онд премиум үйлчилгээнийхээ Student, Duo, Family багцуудын үнийг нэмж байсан ч нэг хүний премиум үйлчилгээнийхээ төлбөрийг сүүлийн арав гаруй жилийн хугацаанд огт нэмээгүй байсан юм.
Эх сурвалж: BBC