Их Британи: Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камеруудыг төрийн байгууллагуудад ашиглахаас татгалзжээ
2022, 11 сарын 25. 22:240

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, Их Британи улс үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камерыг засгийн газрын гол байгууламжуудад ашиглахыг хориглосон байна.

Их Британийн засгийн газар тухайн өдөр яамдууддаа Хятадын Үндэсний тагнуулын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйлдвэрлэсэн хяналтын камерыг нууц мэдээлэл задруулж болзошгүй барилга байгууламжид байрлуулахыг хориглох тухай заавар хүргүүлжээ. Өмнө нь суурилуулсан одоо ашиглагдаж буй камеруудын хувьд компьютерийн дотоод сүлжээнээс салгаж, цаашид бүрмөсөн халах талаар анхаарч үзэхээ оруулсан байна.

Үндэсний тагнуулын тухай хуульд зааснаар шаардлагатай тохиолдолд Хятадын компаниуд улс эх орныхоо засгийн газар, бүр тодруулбал Хятадын Коммунист намын удирдлагуудын шаардлагын дагуу хамтран ажиллах ёстой хэмээн тусгасан байдаг аж.

Энэхүү журмын улмаас барууныхан Хятадын компаниуд өөрсдийн үйлдвэрлэдэг аливаа тоног төхөөрөмжөөр дамжуулан нууцаар мэдээлэл цуглуулах, дараа нь үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглах вий гэх болгоомжлолыг төрүүлсэн байна.

Их Британийн Засгийн газрын бодлого зохицуулалтын албаны дарга Оливер Дауден хэлэхдээ “Төрийн байгууллагуудад хяналтын камер суурилуулахтай холбоотой өнөөгийн болон ирээдүйд үүсч болох эрсдэлийг харгалзан үзсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан” гэж парламентын танхимд ирүүлсэн захидалдаа дурджээ. Тэрээр үргэлжлүүлэн “Их Британийг чиглэсэн аюул заналхийлэл, эдгээр тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон тоо хэмжээ зогсолтгүй нэмэгдэж байгааг харгалзан нэмэлт хяналт шаардлагатай гэж үзсэн" хэмээв.

Их Британийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хэлтсийн зүгээс иргэдийн хувийн мэдээлэл алдагдахын сацуу, хүний ​​эрх зөрчигдөж болзошгүйд санаа зовж байгаа зэрэг шалтгааны улмаас Хятадын засгийн газрын хувьцаа эзэмшдэг Hikvision, Dahua Technologies зэрэг компаниудын үйлдвэрлэсэн хяналтын камерыг худалдах, ашиглахыг хориглох шаардлага тавьсантай холбогдуулан гаргасан шийдвэр юм.

Өнгөрсөн оны зургадугаар сард тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Мэтт Хэнкок албан өрөөндөө дотно харилцаатай туслах бүсгүйгээ үнсэж байгаа бичлэг хэвлэл мэдээллийн агентлагуудаар цацагдаж байсан бөгөөд энэхүү бичлэг нь Hikvision компанийн үйлдвэрлэсэн хяналтын камер байсан нь ихээхэн маргаан дагуулж байсан билээ.

Өнгөрөгч 7-р сард хувийн нууцыг хамгаалах Big Brother Watch группын мэдэгдсэнээр Британийн төрийн байгууллагуудын дийлэнх нь Hikvision болон Dahua technologies компанид үйлдвэрлэсэн хяналтын камер ашиглаж байгааг онцолж байсан юм. Тодруулбал, Дотоод хэргийн яам, Бизнес, эрчим хүчний яам, Аж үйлдвэрийн яам зэрэг хэд хэдэн яамдууд барилгынхаа гадна талд Hikvision-ын хяналтын камерыг суурьлуулсан байдаг аж.

Их Британийн засгийн газрын шийдвэрийн хариуд Hikvision компанийн зүгээс "Манай компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн үзэж буй нь тун сонин үйлдэл байнаюм. Hikvision компани нь хэрэглэгчдийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах ямар ч боломжгүй бөгөөд хэрэглэгчийн мэдээллийн санг огт бүртгэдэггүй” гэж тайлбар хийсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн сард АНУ-ын Харилцаа Холбооны Комисс (FCC) Хятадын Hikvision, Dahua technologies, Hytera зэрэг компаниудын үйлдвэрлэсэн хяналтын камеруудыг тус улсад худалдаалахыг хориглох журам тогтоож байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

2017 онд Хятад улс Үндэсний тагнуулын тухай хуулийг баталж Хятад болон гадаад дахь тэрс үзэлтнүүдийн утсыг чагнаж, хянаж, мөрдөн шалгах тагнуулын байгууллагуудын эрхийг үлэмж хэмжээгээр бэхжүүлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн түгшүүрийг төрүүлж байсан юм. Тухайлбал хяналтын камер, системийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Hikvision компани нь Хятадын засгийн газрын Уйгур зэрэг цөөнхүүдийг дарангуйлах үйл ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэгдэж, 2019 онд АНУ-ын худалдааны хар жагсаалтад орох зэрэг янз бүрийн хориг арга хэмжээ авч байсан юм.

Гэсэн хэдий ч зарим хүмүүс Хятадын хяналтын систем үйлдвэрлэгч компаниудын эсрэг авч буй барууны хориг арга хэмжээ нь ирээдүйн өндөр технологи эсвэл big data-д илүү анхаарлаа хандуулан, технологийн салбарт хэн нь тэргүүлэхээ үзэж буйн нэг хэлбэр хэмээн дүгнэх тохиолдол ч байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41