
АНУ-д Qualtrics компани ажилчдадаа зориулж, хүүхдээ харуулж болох 3000 метр квадрат талбай бүхий төвийг 2019 оны сүүлчээр нээжээ. Энэхүү төв нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн боловсролд чиглэсэн (STEM) хөтөлбөрүүдтэй аж.
Тус компани ажил эрхэлж буй эцэг эхчүүдэд тулгардаг хамгийн хүнд асуудлын нэг болох найдвартай, чанартай хүүхэд харах газрыг бүтээхээр зорьсон байна.
Qualtrics өөрийн судалгааны програм хангамжийг ашиглан багш нарын ажлын үр дүн, эцэг эхийн сэтгэл ханамжийг байнга хэмждэг. Бид зөвхөн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, түүнийгээ байнга сайжруулахыг эрмэлздэг гэжээ.

Ийм жишгийг зөвхөн Qualtrics биш, өөр олон компани хэрэгжүүлж байна. Зарим компаниуд өөрийн үнэт зүйлс, бүтээгдэхүүнээ ч хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаандаа уусгаж өгдөг.
Patagonia компанийн хувьд энэхүү хандлагыг улам гүнзгийрүүлжээ. Байгаль орчныг хамгаалах үйл хэргээрээ алдартай тус компани энэ үнэт зүйлээ мөн хүүхэд харах үйлчилгээндээ тусгасан байна. Калифорни мужид хоёр, Невада мужид гээд нийт гурван төв нь 60 гаруй багш, 7 гэр бүл чиглэлийн ажилтан хамтран 200 гаруй хүүхдийг хариуцаж ажилладаг.
“Бид хүүхдүүдийг аль болох гадаа байлгахыг зорьдог. Калифорниад дулаан, нарлаг өдрүүд ихэнхдээ тохиодог тул бид ихэнх өдрүүдийн 70-80 хувийг гадаа өнгөрөөдөг. Зарим анги бүр нялх хүүхдүүдийг ч гадаа унтуулдаг" гэж Patagonia-ийн Шерил Шушан тайлбарлав. Хүүхдүүд хог хаягдлын ангилал, бордоо хийх, ургамал амьтдыг арчлах, байгаль хамгаалах талаар суралцдаг.
Харин Whirlpool Corporation-ийн хүүхэд харах төв өөрийн онцлог хөтөлбөртэй. Тэнд хүүхдүүд хэл, шинжлэх ухаан, хоол хийх хичээлд хамрагддаг. Харин эцэг эхчүүдийн хувьд, хүүхдээ ажил дээрээ ойрхон байлгах боломж бол бусад ямар ч төвтэй харьцуулах аргагүй том давуу тал юм.
Steamboat Ski & Resort корпорацийн төв хүүхдийн төрсөн өдөрт зориулсан уламжлал бий болгосон. Эцэг эхчүүд дуртай номоо уншиж, бялуу хамтдаа идэж баяр тэмдэглэдэг. Харилцаа хариуцсан захирал Лорин Дюк охиныхоо хоёр насны төрсөн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан ч хоёр минутын зайд орших өдөр өнжүүлэх төвд очиж охиныхоо баярт оролцжээ.

Хөхүүл ээжүүдийн хувьд ч ажлын байртайгаа ойр хүүхэд харах төвтэй байна гэдэг маш том давуу тал юм. Цаг заваа зохицуулан ажлынхаа дундуур гарч ирж хөхүүлснээр сүүгээ саах, хадгалах шаардлагагүй болдог. Patagonia-д бол бүр хүүхэд өлссөн тухай зурвас илгээдэг. Бид "хүүхэд тань өлссөн байна, 15 минутын дотор ирэх боломжтой юу, эсвэл бид сүү өгчих үү?" гэж мессеж илгээдэг гэж Шушан тайлбарлалаа. Түүний хэлснээр, уг төв эцэг эх, хүүхдийн хоорондын харилцааг гүнзгийрүүлэх зорилготой гэжээ.
Ийм уян хатан байдал нь компанийн соёлтой нягт уялддаг. Patagonia-ийн үүсгэн байгуулагч Ивон Шуйнард “Ажилтнуудаа цанаар гулгахад нь чөлөө өг” гэх уриаг хэрэгжүүлдэг нь ажилчдадаа ажлын ачааллаа өөрсдөө зохицуулах эрх чөлөөг олгож буй хэрэг гэжээ. Тэрбээр “Манай өдөр өнжүүлэх төвөөс гарч буй хүүхдүүд бол бидний бүтээж байгаа хамгийн сайн бүтээгдэхүүн” хэмээн хэлсэн байна.