
Textio компанийн судалгаагаар, ажилд тэнцсэн хүмүүс ажилд тэнцээгүй хүмүүсээс илүү тухайн ажлын ярилцлага авсан хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлсэн байдгийг олж мэджээ.
Ур чадварт суурилсан ажилд авах хандлагад сүүлийн үед компаниуд ихээхэн анхаарал хандуулж байгаа ч компаниуд ажлын шаардлагад нийцэх ур чадвартай, туршлагатай хүмүүсийг бус, “хамгийн таалагдсан” буюу “өөрийн совиндоо итгэж” ажилд авч байна гэж Textio компани энэ оны 4-р сарын 29-ний тайландаа дурджээ.
Textio үүнийг “vibe hiring” буюу сайхан зантай нэгнийг ажилд авах гэж нэрлэжээ. Олон хүний нөөцийнхөн ярилцлагын үр дүнг санах ой, дотоод зөн, өөрийн тэмдэглэл зэрэг дээр тулгуурлан бүртгэдэг. Харамсалтай нь, санах ой мартагддаг, зөн совин итгэлтэй биш, тэмдэглэл хөтлөх нь ажилд авах тохиромжтой систем биш” хэмээн Textio компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий судлаач асан Киеран Снайдер мэдэгдсэн байна. “Тодорхой бүтэцтэй, ур чадварт суурилсан ярилцлага бол ажилд авах үйл явцыг үр өгөөжтэй байлгадаг зайлшгүй шаардлагатай зүйл. Эдгээр зүйл үгүй бол багийн гүйцэтгэл, байгууллагын бизнесийг эрсдэлд оруулдаг.”
Ерөнхийдөө, “найрсаг”, “эрч хүчтэй” гэж тодорхойлогдох ажил горилогчид ажилдаа тэнцэх магадлал 4,5 дахин өндөр байжээ. Энэхүү дүнг 10,000 гаруй ярилцлагын үнэлгээг шинжилж гаргасан байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тодорхойлсон үг хэллэгүүд ч ялгаатай байжээ. Ажилд орохоор сонгогдсон эмэгтэйчүүдийг “хөгжилтэй” гэж 25 дахин, “аядуу зөөлөн” гэж 11 дахин илүү тодорхойлсон бол, эрэгтэйчүүдийг “тогтвортой сэтгэлгээтэй” гэж 7.5 дахин, “итгэлтэй” гэж 7 дахин илүү тодорхойлсон байна.
Ажил горилогчид ярилцлагынхаа талаар эргэн хариу авах нь ховор боловч, эргэж холбогдсон хүмүүсийн үр дүн илүү сайн байдаг гэж уг тайланд тэмдэглэжээ.
Gallup компанийн тайланд дурдсанаар, компаниуд ихэнхдээ ярилцлага нь сайн болсон горилогчдоос сонголт хийдэг байна. Компаниуд дэс дараа бүхий ярилцлага зохион байгуулах, ажил горилогчидтой хүндэтгэлтэй харьцах, ярилцлагаар дамжуулан байгууллагын соёл, үнэт зүйлсийг онцлон харуулах замаар шинэ ажилчдадаа сайхан сэтгэгдэл төрүүлж чадна гэж уг тайланд мөн дурдсан байна.