
General Assembly-гийн 2025 оны 4-р сарын 22-нд гаргасан тайланд дурдсанаар, тус байгууллагын сүүлийн судалгаанд оролцсон мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийн менежерүүдийн тал илүү хувь нь ирэх нэг жилд компанид нь цомхотгол болох магадлалтай гэжээ. Ялангуяа хиймэл оюун ухаанаар орлуулах боломжтой ажлын байр хамгийн түрүүнд цомхотголд өртөж болзошгүй байна.
Мөн дараах ажилтнууд ч халах эрсдэлтэй гэж үзсэн байна. Үүнд:
- Хоцрогдсон ур чадвартай хүмүүс
- Ажлын гүйцэтгэл доогуур хүмүүс
- Нэн тэргүүний бус төслүүд дээр ажиллаж буй хүмүүс
- Алсаас буюу зайнаас ажилладаг хүмүүс
Гэсэн хэдий ч, судалгаанд оролцогчдын 69 хувь нь хиймэл оюун ухааны дэвшлүүд шинэ ажлын байр бий болгоно гэж үзэж байгаа бөгөөд 4 хүн тутмын 3 нь “цомхотгох магадлалтай ажилчдаа дахин сургаж, шинэ ур чадвар олгох боломжтой” гэж хариулсан байна. General Assembly-ийн Гүйцэтгэх захирал Даниэлэ Грасси:
“Байгууллагууд бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюунд ихээхэн хөрөнгө оруулж, ажиллах хүчээ цомхотгож байгаа ч энэ нь эцэстээ шилжилтийг удаашруулах ажлын байр дээр хоосон орон зай бий болгож байна” хэмээн мэдэгджээ.
Хамгийн эрэлттэй байгаа ур чадварын жагсаалтыг AI-тэй холбоотой чадварууд тэргүүлж байгаа бөгөөд энэ нь одоо ажиллаж буй хүмүүсийн дунд хамгийн ихээр дутагдаж байгаа ур чадваруудын жагсаалтад ч багтаж байгаа аж. Жишээлбэл, AI хөгжүүлэлт нь ажилд авахад хамгийн чухал гэж үнэлэгдэж буй техникийн ур чадвар юм. Уг судалгаанд оролцогчдын 25 хувь энэ чадвар одоо байгаа ажилтнуудад хамгийн ихээр дутагдаж буй ур чадвар гэжээ.
Мөн ажилтнуудын дунд дараах “зөөлөн чадварууд” дутагдаж байгааг онцолсон байна. Үүнд:
- Дасан зохицох чадвар
- Уялдаа холбоотой сэтгэх чадвар
- Асуудал шийдэх чадвар
EY-ийн 2024 оны тайланд ч хиймэл оюун ухаан нь ирээдүйд ажлын байрны хомсдол болон шинэ ажлын байрыг нэгэн зэрэг үүсгэнэ гэж дурдсан байдаг. Тухайн үед удирдлагууд шинэ технологийн хөгжлөөс шалтгаалан IT салбарт ажиллах хүч олдоход улам хүндрэлтэй болж байгааг онцолж байв.
Үүний улмаас зарим байгууллагууд AI-тай холбоотой ур чадвартай хүмүүсийг хурдан хугацаанд ажилд авч эхэлсэн ч энэ байдал тогтвортой бус болж, цалин өндөртэй хүмүүсийг олноор авч ажиллуулах нь ажилд авах зардлыг нэмэгдүүлсэн гэж өмнөх General Assembly-ийн тайланд дурджээ.
Гэхдээ технологийн зах зээл дээр тогтворгүй байдал цаашид ч үргэлжилж болзошгүй бөгөөд энэ нь ажил олгох түвшинг бууруулахад хүргэж байна.