
Боловсролын энэхүү санаачилга нь 2030 он гэхэд Мичиган мужийн иргэдийн 60 хувийг диплом эсвэл мэргэжлийн гэрчилгээтэй болгох зорилготой “30 хүртэл 60” зорилтын дор хэрэгжих болов.
Мичиганы захирагч Гретчен Уитмер 4-р сарын 10-нд гаргасан мэдэгдэлдээ боловсрол болон хөдөлмөрийн салбарт гаргасан захиргааны удирдамжын тухай мэдээлжээ. Энэхүү удирдамжаар эдгээр байгууллагууд эрэгтэйчүүд рүү шууд хандсан мэдээлэл хүргэх, тэдэнд сургалтын төлбөргүй коллеж болон ур чадварын сургалтуудын боломжуудыг таниулах үүрэгтэй байна.
Энэхүү арга хэмжээ нь боловсролын салбар дахь хүйсийн зөрүүг арилгах, мөн “30 хүртэл 60" зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байна.
“Мичиган мужид бид амьдралын өртгийг бууруулах, хүмүүсийн зорилгоо биелүүлэх боломжийг хөнгөвчлөх тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсэн. Гэвч олон эрэгтэйчүүд амжилтад хүрэхэд шаардлагатай нөөц бололцоогүй байна,” хэмээн Уитмер хэлжээ.
“Тиймээс би энэ хөтөлбөрийг зарлаж буйдаа маш их баяртай байна. Энэ нь илүү олон Мичиганчууд эдгээр сургалтын хөтөлбөрүүдийн талаар мэдэх боломжтой болж, боловсролын зардлаа бууруулж, сайхан цалинтай ажилтай болох, улмаар илүү их орлого олох боломжийг олгоно” гэжээ.
Уитмерийн албан ёсны мэдээллээр, улсын хэмжээнд эрэгтэйчүүд боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн талбарт хоцрогдож байна. 2004 оноос хойш залуу эрэгтэйчүүдийн дунд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 700,000-аар буурсан байна. Ажил олголтын дийлэнх нь диплом эсвэл мэргэжлийн сургалттай ажилчид шаардсан салбаруудад төвлөрч байхад, 2021 онд эрэгтэйчүүдийн бакалаврын сургалтад элсэх нь 10 хувиар буурчээ. АНУ-ын хэмжээнд эмэгтэйчүүдийн 55 хувь нь дээд боловсролын зэрэгтэй байхад, эрэгтэйчүүдийн хувьд энэ тоо 44 хувьтай байна.
Мөн жил бүр охидтой харьцуулахад 45,000 хөвгүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж чадалгүй хоцорч байна. Хөвгүүдийн унших чадварын түвшин буурч байгаа бөгөөд хамгийн доогуур үнэлгээ бүхий 10 хувь сурагчдын гуравны хоёр нь хөвгүүд байна.
АНУ-д нийт дүнгээрээ эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү цалин авдаг ч, залуу эмэгтэйчүүд АНУ-ын 250 хотын 22-д нь ижил хэмжээний болон илүү орлого олдог болсон байна. Энэхүү хандлага нь эмэгтэйчүүдийн дээд боловсрол эзэмших хурд эрэгтэйчүүдээс илүү байгаатай холбоотой гэж Пью Судалгааны төв 2022 онд тайлагнажээ.
Энэхүү ялгаанд нөлөөлж буй өөр хүчин зүйлс ч бий. Жишээ нь, мансууруулах эм (опиоид)-ийн хэрэглээ 2001–2015 оны хооронд эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоог 44 хувиар бууруулсан байж болзошгүй гэж Кливлендийн Холбооны банк тайландаа дурджээ.
Үүний зэрэгцээ сургалт, хөгжлийн үр дүнтэй хөтөлбөрүүд, ялангуяа гүйцэтгэх түвшний сургалтууд бүх ажилчдад нээлттэй байснаар сайнаар нөлөөлнө. CYPHER Learning байгууллагын тайланд дурдсанаар, уян хатан, сонирхолтой сургалтын боломжоор дамжуулан ажилчдын ур чадварыг дээшлүүлж, карьер өсөлтийг дэмжих нь байгууллагуудад чадварлаг боловсон хүчнээ хадгалахад тусалдаг байна.