Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
2 сарын 13. 18:290

Meta компани “хамгийн доогуур гүйцэтгэлтэй” ажилчдаа ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэн удалгүй даваа гаргаас эхлэн ажилчдаа халж эхэлжээ . Microsoft компани мөн өнгөрсөн сард “хамгийн бага гүйцэтгэлд хүрээгүй” гэсэн үндэслэлээр зарим ажилчдаа ажлаас чөлөөлсөн.

Эдгээр компаниуд нэгдүгээр сард ажилчдаа ийн халж буйгаа зарласнаар цахим сүлжээнд олныг хамарсан маргаан үүсгэв. Мэдээж “хангалттай бүтээмжгүй” хүмүүсийг халах нь компанийн санхүүгийн үр ашиг болоод ажил үүргийн хүрээнд зохих ёсны зүйл мэт боловч энэ үйл явцаа ил тод зарлах нь ажлаасаа халагдаж буй хүмүүсийн цаашдын ажил карьерт нь халтай үйлдэл юм. Мөн тэдгээр хүмүүс шинэ ажил хайхад нь хүндрэл учруулах сөрөг нөлөөтэй байна.

Meta компанийн “хангалттай бүтээмжгүй” ажилчдаа халах тухай нэгдүгээр сард гаргасан мэдэгдлийн дараа Чехийн технологийн хүний нөөцийн мэргэжилтэн Йан Тегзе өөрийн LinkedIn хуудастаа:

“Meta-д ‘доогуур гүйцэтгэлтэй’ гэж үнэлэгдсэн хүн өөр компанийн эрдэнэ мэт ажилтан ч байж болно. Гэтэл одоо тэд энэ “муу” гэх тэмдэгтэйгээ шинэ ажил хайх шаардлагатай болж байна. Тэдгээр хүмүүсийг цаашид ажилд авах менежер, хүний нөөцийнхөн үүнийг нь анхаарч харахаас өөр аргагүй болно” хэмээн бичжээ.

Rising Team компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Стэнфордын Бизнесийн сургуулийн багш Женнифер Дулски мөн LinkedIn дээр:

“Багийн бусад гишүүдээсээ доогуур гүйцэтгэлтэй хүмүүсийг ажлаас чөлөөлөх нь ойлгомжтой зүйл. Гэхдээ үүнийг олон нийтэд зарлаж, ажилчдаа ‘бүтээмж муу’ гэж нэрлэх нь тухайн ажилчдад, үлдэж буй багт ч, компанийн нэр хүндэд ч хэрэггүй зүйл юм” хэмээн бичжээ.

Мөн Tonal компанийн бүтээгдэхүүн, контентийн асуудал хариуцсан захирал Жонатан Шоттан “Эдгээр хүмүүсийн карьерт арилшгүй толбо болж үлдэн, сөрөг нөлөө үзүүлж, тэднийг хохироож болзошгүй. Энэ үйлдэл бол огт шаардлагагүйн дээр нэмээд тэднийг шийтгэж буй хэрэг юм” гэсэн байна.

Өмнө нь хийгдэж байсан судалгаагаар ажлаасаа халагдсан хүмүүс шинэ ажил олоход хүндрэлтэй байдаг бөгөөд үүнд ажил олгогчдын зүгээс тэднийг үл тоомсорлох хандлага нөлөөлдөг гэсэн үр дүн гарч байв.

Түүнчлэн өнөөгийн зах зээлд ажил олоход хүндрэлтэй болж буй ба үүнд хиймэл оюун ухааны өргөн хэрэглээ мөн нэгэн хүчин зүйл болон нэмэгдэж байна. Харин “муу гүйцэтгэлтэй ажилтан” гэх шошго нааж өгснөөр ажил хайгчдад бэрхшээл нэмлээ л гэсэн үг юм.

Нөгөө талаас Meta болон Microsoft-ийн шийдвэрийг зөвтгөж буй хүмүүс ч бий.

“Та хэнийг ажлаас халах вэ? Компанийнхаа шилдэг ажилтнаа юу? Ямар ч компани өөрийнхөө хамгийн сул гүйцэтгэлтэй ажилтнуудаа л хална.” гэж нэгэн LinkedIn хэрэглэгч Тегзегийн постонд хариу бичсэн бол, өөр нэгэн хэрэглэгч “Тэд үнэхээр доогуур гүйцэтгэлтэй ажилтан бол яах вэ?” хэмээн бичжээ.

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг нэгдүгээр сарын 14-нд ажилчиддаа илгээсэн дотоод захидалдаа “бид гүйцэтгэлийн менежментийн стандартыг өндөрсгөж, хурдан арга хэмжээ авах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Мөн тэрээр компанийн нийт ажилчдын 5% буюу 3,600 орчим хүн энэ цомхотголд өртөхийг мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41