Залуу япончууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
1 сарын 11. 16:220

Өөрийн эрүүл мэндийг золин байж хэт олон цагаар ажилладаг соёл Японд тогтоод хэдэн арван жил болж байна.

Гэтэл сүүлийн үед энэ соёл өөрчлөгдөж эхэлж байх шиг байна. Залуу ажилчид энэ зуунд байгаагүй бага цагаар ажиллаж эхэлснийг харвал, кароши буюу ажлын ачааллаас болж нас барах явдал багасах бололтой.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд япончуудын нэг жилд ноогдох ажлын цаг 11.6 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, 2000 онд ажлын нийт цаг дунджаар 1839 байсан бол 2022 онд 1626 болсон байна.

Энэ өөрчлөлт ялангуяа хориод насны залуусын дунд илт ажиглагдаж байгаа талаар судлаач Сакамото Такаши өнгөрсөн оны арван нэгдүгээр сард хэвлэгдсэн “Японы бодит эдийн засаг” тайландаа мэдээлжээ. Дээрх насны залуус 2000 оны байдлаар долоо хоногт 46.4 цаг ажилладаг байсан бол 2023 онд 38.1 цаг ажилладаг болсон байна.

Түүнчлэн Хоккайдо Бүнкё их сургуулийн харилцаа холбоо, медиа салбарын профессор Ватанабэ Макото “Залуус байгууллагын төлөө өөрийгөө золиослохоос татгалздаг болсон байна. Энэ нь ч тун зөв шийдвэр” хэмээн ярьжээ.

Энэ өөрчлөлтөд үе хоорондын соёлын ялгаа ч нөлөөлж байгаа бололтой. Өдгөө залуу үеийнхэн ажил, амьдралын тэнцвэрийг нэн ихээр чухалчлан хэт ачаалалтай ажлаас татгалздаг болсон бол тэдний эцэг эхчүүд эдийн засгийн өсөлт, тогтвортой ажлын байрны төлөө олон цагаар ажилладаг байсан юм.

Ватанабэгийн хэлснээр “1970-1980-аад онд эдийн засаг хурдтай өсөж, хүмүүс их ажиллах тусам их цалин авдаг байлаа. Их цалин авч байгаа хүн мэдээж хичээнгүйлэн ажиллана. Гэхдээ одоо байдал өөр болсон. Бидний эцэг эхчүүдийн хувьд сайн ажиллах тусам сайн цалин авдаг гэсэн үзэл бат суусан байлаа. Тэгвэл орчин цагт сайн ажиллах тусам улам их ядарна гэж үздэг болж” гэжээ.

Дээрхээс гадна ажиллах хүчний хомсдол япон залууст ховор боломж олгож байгаа нь энэ. Компаниуд шаардлагатай чадвар бүхий ажилчид олж авахын тулд аргаа баран сургуулиа ч төгсөж амжаагүй байгаа оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа ихээр явуулах болж. Цаашлаад, хэт их ачаалалтай, дутуу үнэлэгдсэн ажлаас гарсан ажилтнуудад шинэ ажил олох хэзээ ч байгаагүйгээр амархан болжээ.

“Залуус ядран ядран ажил хийхээ больсон. Тэд ажиллах хүчний хомсдолтой байгааг мэдэж байгаа учир ажлаас гарахад, дараагийн ажил хялбар олдоно гэдгийг сайн мэддэг больсон” хэмээн Ватанабэ ярьжээ.

Энэ өөрчлөлтөд цалин ч гэсэн нөлөөтэй. Хэдий өмнөхөөс бага цагаар ажиллаж байгаа ч гэсэн, хорь гаруй насны залуусын цалин 2000 оноос хойш 25 хувь өссөн талаар Сакамотогийн тайланд дурджээ. Мөн нөгөө талаас байгууллагууд ажилтнуудаас илүү цагаар цалингүй ажиллахыг шаардах нь багассан гэнэ.

Японы залуусын судалгааны группийн гишүүн, Токиогийн Чүо их сургуулийн социологич Цүжи Изүмигийн хэлж байгаагаар залуусын зорилго одоо амбиц биш, тогтвортой байдал болсон гэнэ.

Тэрээр “залуус одоо цагт мөрөөдлөө хөөнө гэдэг хэцүү болсон учир өдөр тутмын амьдралаа тогтвортой байлгах тал дээр л анхаарч байна. Тэдэнд ердөө тав тухтай, хэрэгцээгээ хангаж амьдрахад л хангалттай. Том амбицуудаа завсарлуулчихсан байдаг юм” гэжээ.

Нөгөө талаас залуусын энэ өөрчлөлт олон цагаар ажиллаж амьдралаа босгосон ахмадуудад хүндрэл учруулж байгаа гэнэ. Тухайлбал, тавь, жараад настай менежерүүд залуу ажилчдаасаа илүү цагаар ажиллалаа гэсэн зэмлэл сонсохгүйн тулд их болгоомжлох болсон аж.

Хэдий тийм ч энэ өөрчлөлт Японы нийгэмд эерэг нөлөөтэй . Учир нь одоо цагт ч кароши нийгмийн хүнд асуудал хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2022 оны байдлаар кароши буюу хэт ачаалалтай холбоотой 2968 хүн амиа хорлосон нь 2021 оны 1935 байснаас эрс өссөн үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Залуу япончууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01
Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна
02024-12-17 14:08
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
22024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
22024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
12024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13