Ажиллах хүч болон компаниуд бүгд хиймэл оюунд маш том найдлага тавьж байна. Тийм ч учраас хиймэл оюунтай харилцах чадвар бүхий ажилтнуудын эрэлт хэрэгцээ зогсолтгүй олшрох төлөвтэй байна.
Хөдөлмөрийн зах зээлийн шинжээч нар 2025 онд модель хөгжүүлэгч машин сургалтын тухай мэдлэгтэй, хиймэл оюунтай ажиллах чадвартай ажилтнуудад сонирхолтой ажил олгогч нар энэ оныхтой ижил улам олшрох, тэгэхдээ салбарын хувьд бүүр ч өргөжих төлөвтэй байгааг мэдээлжээ.
Хиймэл оюун ухааны мэргэжилтэн Ханна Калхүний хэлж байгаагаар цар тахлаас үүдэн хямраад байсан технологийн салбар эргээд сэргэж эхэлж байгаа аж. Энэ сэргэлт цаашид үргэлжилбэл, хиймэл оюун ухаантай харилцах чадвар ажлын байранд улам чухал болох нь мэдээж гэнэ.
Түүнчлэн технологийн бус салбарын ажил олгогч нар ч гэсэн бизнест нь хэрэгцээтэй хиймэл оюун ухаанаар хөгжүүлэх шаардлагатай зүйлсэд нь нэмэр болох чадвартай ажилтнуудын эрэлд гарч эхэлсэн байна.
Гэхдээ тэдний хувьд технологийн том компаниудаас ялгаатай нь өөрсдийн гэсэн хиймэл оюун ухаант платформ бүтээх гэж яарах шаардлагагүй юм. Тиймээс тэд мэдээллийн эрдэмтэд, машин сургалтын инженерүүдийг багаар нь цалинжуулж ажиллуулах шаардлагагүй, харин ямар хиймэл оюун ухаант төхөөрөмж ашиглах, хэрхэн тэдэнтэй харилцахаа мэддэг ажилтнуудыг сонирхох магадлал өндөр байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ирэх онд хиймэл оюун ухааны талаар зохих мэдлэгтэй, тэднийг ойлгодог, бизнест хэрхэн ашиглахаа мэддэг ажилтнууд моодонд орох бололтой.
2025 онд хиймэл оюунтай холбоотой чадвар илүү эрэлттэй байна гэдгийг өөр олон сэжүүр ч харуулж байна.
Жишээлбэл, Софт Банкны гүйцэтгэх захирал Сүн Масаёшигийн тайлбарласнаар Японы фирмүүд дараагийн дөрвөн жилд хиймэл оюун ухаантай холбоотой дор хаяж 100 мянган ажлын байр бүтээхийн төлөө АНУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон гэнэ.
Зах зээл нь улам томорч байгаа боловч хиймэл оюунтай холбоотой ажлын байранд ажилтан шалгаруулж авна гэдэг зарим ажил олгогчид амаргүй даваа байж мэднэ. Судалгааны дүнгээс үзвэл хиймэл оюуны талаар зохих мэдлэгтэй ахлах ажилтан олж авах нь бусад чадвартай ахлах ажилтан олохоос ч хэд дахин бэрх байгаа аж.
Чухамдаа есдүгээр сарын байдлаар гэхэд АНУ-ын хэмжээнд хиймэл оюун ухаантай холбоотой чадвар шаардсан ажлын байр өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 дахин өссөн байна.
Гэхдээ тэглээ гээд бүх ажил олгогч энэ талын мэдлэгтэй ажилтан эрж хайгаад байгаа гэсэн үг бас биш. Үнэндээ нийт ажил олгогчдын ердөө хоёр хувь нь л одоогийн байдлаар ажил үүргийн тодорхойлолт дээрээ хиймэл оюун ухааны тухай тодорхой тусгаж өгсөн байна. Харьцуулж үзэхэд компьютерын ерөнхий мэдлэгийн тухай нийт ажил олгогчдын 20 гаруй хувь нь ажил үүргийн тодорхойлолт дээр заавал шаардлагатай хэмээн цохон тэмдэглэдэг аж.
Гэвч дээр дурдсан хоёр хувь цаашид тасралтгүй, улам хурдтайгаар үргэлж өсөх хандлагатай байгаа юм.
Улмаар дараа жил биш юм гэхэд ойролцоогоор гурваас дөрвөн жилийн дараа ямар нэг хиймэл оюунт платформ дээр чөлөөтэй ажиллаж чаддаг байх гэдэг шаардлага энгийн ажлын байранд чухалд тооцогддог болно гэх мэргэжилтнүүдийн таамаг бий.