Эмэгтэйчүүд бизнесийн салбарт амжилтад хүрнэ гэдэг харьцангуй олон саад бэрхшээлтэй хүнд зам байдаг. Зүйрлэвэл пуужин хөөргөхтэй ижил. Байж байгаад аяндаа хөөрчихгүй, маш их анхаарал, хичээл зүтгэлийн дүнд зорьсон газартаа хүрнэ.
Хэдэн зууны туршид тогтож, хэвшсэн тэр олон саад бэрхшээл өдгөө цөөрч, хялбаршиж байгаа ч бүрэн арилах арай л болоогүй байна.
Иймд тэр цагийг хүлээхийн оронд зарим асуудалтай нүүр тулж, даван туулж, дасан зохицох шаардлага тулгарч байна.
Тэвчээр: мятрашгүй зориг
Манлайлал гэдэг өөрөө сөрөн зогсох, алдаанаасаа суралцах чадварыг үргэлж шаардаж байдаг тул тэвчээр маш чухал. Алдаанаас зайлсхийх, бултах биш, халз тулгарч, даваад гарах хэрэгтэй. Амжилттай яваа манлайлагч нар бол хамгийн хүнд үесэд тэсэж, чигээрээ даваад гарч чадсан хүмүүс юм.
Жишээлбэл, хэцүү хурал, эсвэл ажил удаашруулсан явдлын дараа түүнийг бүтэлгүйтэл гэж харах уу, эсвэл суралцах боломж гэж харах уу гэдэг сонголт хэзээд байдаг. Хамгийн гол нь өдөр бүрийг, алдаа бүрийг өөриймсөж ойлгох хэрэгтэй.
Чадварлаг манлайлагч нар ялахдаа ч, ялагдахдаа ч биеэ хэрхэн авч явахаа сайн мэддэг. Тэд тулж ирсэн бүхэнтэй зоригтой нүүр тулж, нуугдаж, зугталгүй бат зогсдог. Бас тэд өөрсдийн хийж чадахааргүй зүйлийг бусдаар хийлгэх гэж шахдаггүй. Манлайлагч хүний хувьд тэвчээр гэдэг бол өөр хэн ч чадахгүй байхад өөрөө ханцуй шамлан асуудлын ширхэг бүртэй үзэлцэн, хүнд шийдвэрүүд дундаас зөвийг сонгох явдал юм.
Авхаалж: өөрөөрөө дэнчин тавих итгэл
Авхаалж самбаа гэдэг бол бусад хүний зориг дутсан газарт өөрөөрөө дэнчин тавьж, түүндээ итгэлтэй, тайван байх чадвар.
Олон жилийн туршид ажлын байран дээр удирдагч хүний дүр төрх, зан чанарыг нэгэн хэвд цутгаж, түүнийгээ мөрдсөөр ирсэн байдаг. Түүнд нь олон хүн, ялангуяа эмэгтэйчүүд тэнцэхэд төвөгтэй байх нь олон. Гэсэн ч өөртөө бат итгэж, өөрөөрөө дэнчин тавиад ялсан хүмүүс олон.
Бүгдийг гараа хумхиад харж сууснаас өөртөө итгэж нүдээ аниад харайх хэрэгтэй. Түүний тулд бэлтгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, шаардлагатай тохиолдолд бусдын бодлыг өөрчлөн чиглүүлэхэд бэлэн байх нь чухал. Хамгийн гол нь бусдынхаа, ялангуяа дутуу үнэлэгдсэн, өөрийнхөө дуу хоолойг хүргэж чадаагүй бусдынхаа дуу хоолой болоход бэлэн байх ёстой.
Энэрэл: уучлах, ойлгох хүч
Аливаа ажил төлөвлөгөө ёсоор биелээгүй үед өөртөө ч тэр, бусдад ч тэр өршөөнгүй хандах нь чухал. Зан чанарын хувьд ч тэр, ажил мэргэжлийн хувьд ч тэр бодсон ажил санаснаар болохгүй үед уурлаж бухимдах энүүхэнд. Гэхдээ угаас санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэж байдаггүй санах хэрэгтэй. Бүгд л бүдэрдэг. Хамгийн гол нь хэрхэн босож чадаж байгаагаар нь тэр хүнийг тодорхойлдог юм.
Бүдэрчихсэн бол өөрийгөө уучил. Бусад чинь бүдэрсэн бол мөн адил ойлго. Алдаа гэдэг бол ухаарал, дэвшлийн цэг болохоос шүүмжлэх шалтгаан биш. Алдаанаасаа болж өөрийгөө бүү зэмлэ. Харин ч улам том асуудлын үндэс болохоос нь өмнө боломж болгон ашиглаарай.
Үнэндээ танд ч гэсэн бусдын энэрэл хайр хэрэг болох үе олон. Бусдыг энэрч уучилдаг удирдагч эргүүлээд итгэл үнэмшил, үнэнч сэтгэлийг хураадаг. Урт хугацаандаа гэвэл, бусдыг энэрсэн хүн дараа түүнийгээ буцаагаад хүртдэг юм.
Талархал: манлайллын супер чадвар
Манлайллын түвшинд талархал гэдэг хүн бүрд байдаг супер чадварыг мартах тохиолдол их. Талархал хүртсэн хүн улам цааш хичээх, илүү ихийг бүтээх утга учраа дахин дахин олж байдаг.
Эргэн тойрныхондоо эрч хүч, итгэл найдвар бэлэглэх хамгийн энгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол баярлалаа гэдгээ хэлэх. Баярлаж талархсанаа илэрхийлдэг манлайлагч нар ердөө баг хамт олны дулаан уур амьсгал бүтээгээд зогсохгүй үнэнч тууштай сэтгэл төрүүлж, авьяас чадвартнуудыг өөртөө татаж байдаг. Талархлын хариуд хүндлэл, бат харилцаа сэргэж, хүн бүр өөрсдийгөө утга учиртай гэдгийг мэдэрдэг.
Талархал сонссон ажилтан өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, баг хамт олон, байгууллагынхаа санаа зорилгын төлөө улам эрч хүчтэй ажиллахад бэлэн болдог юм.