Ажлын ярилцлага дээр зайлсхийх ёстой таван алдаа
10 сарын 16. 12:140

Ажил олгогч нар ярилцлагад орохоор ирсэн хүнээс ямар ч өө харж магадгүй. Олон улсын бизнес мэдээллийн Business Insider агентлагт зургаан ажил олгогч ажлын ярилцлагад орохоор ирсэн хүмүүсээс ажиглагддаг, хялбархан зайлсхийж болох таван алдааг, мөн тэр алдаанаас хэрхэн зайлсхийх аргыг зөвлөжээ.

Амжилт, бүтээлүүдээ зүгээр л тоочоод байж болохгүй

Технологийн компанийн хүний нөөцөөр ажилладаг Маяа Уалдын зөвлөснөөр зарим ажил горилогч ажил үүрэгт нь ямар нөлөөтэй, ач холбогдолтой талаар огт тайлбарлахгүйгээр амжилт, бүтээлүүдээ ар араас нь тоочоод байдаг гэнэ.

Сайн тал, туршлагуудаа нэг бүрчлэн тоочихын оронд ажил олгогчийн асуултуудад хариулах бүрдээ бага багаар тэднийгээ харуулах нь зүйтэй гэж тэр зөвлөжээ.

Хувийн амьдралаа хэт дэлгэж болохгүй

Олон улсын мэдээлэл технологийн Google компанийн ажилтан Мэтт Опрамолла ажлын ярилцлагад орохоор ирсэн нэг хүн байрныхаа түрээсийг төлж чадахгүй байгаа талаараа ярьж байсныг дурсжээ. Түүний хувьд ажлын ярилцлагад ирсэн ажил горилогч зөвхөн тухайн ажлын талаар ярилцах хэрэгтэй гэнэ.

“Ажил олгогч, ажлын ярилцлага авах үүрэгтэй ажилтнууд ажил горилогчийн гэр бүл, санхүүгийн байдлын талаар сэдэв хөндөхгүй байх тал дээр бэлтгэгдсэн, үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс энэ бол хөндөх ёсгүй сэдэв. Өөрийг нь авах өөр газар байхгүй гэдгийг дэлгэчихвэл анх тооцоолж байснаасаа бага цалин санал болгох тохиолдол элбэг байдаг” гэжээ.

Иймд ажил горилогч нар асуултад аль болох товчхон, тодорхой хариулж, өөрийн аж амьдралаа дэлгэтэл сунжруулахгүй байсан нь зөв аж.

Аливаа технологи, бүтээгдэхүүний хэрэглээний талаар дэмий чалчих хэрэггүй

Мөн Google компанид программ хангамжийн инженерээр ажиллаж, ажлын ярилцлага авдаг байсан Картер Дэ Лео ажил горилогч нар технологитой харилцах чадвартай холбоотой сэдэв ярихдаа аливаа нэг технологийн тухай дэндүү их юм ярчих гээд байдаг талтай талаар шүүмжилжээ.

Түүний сонирхуулсанчлан Google-ийн ажил олгогч нар ажлын ярилцлагад орохоор ирсэн хүмүүсийн намтар, түүхтэй нь танилцахын оронд хэрхэн асуудалд шийдэл эрж, олж байгааг нь харах зорилготой гурваас дөрвөн шатны сэдвээр ярилцдаг гэнэ.

Тэр дундаас зарим ажил горилогч эрхгүй зузаан мэдлэг, арвин туршлагаа хариулт бүр дээрээ харуулж, бусдаас ялгарч чаддаг гэнэ. Тэгэхдээ хамгийн чадварлаг ажил горилогч нар асуудалд нэг мөр шийдэл хайлгүйгээр шийдэлд алхам алхмаар хэрхэн ойртох тухай ярьдаг гэнэ. Тэрээр “Бүх зүйлд төгс нэвтэрсэн мэргэжилтэн гэж байхгүй. Ямар ч асуудалд хэд хэдэн гаргалгаа олдож болдог юм” гэжээ.

Өмнөх даргаа муулаад дэмий

Өмнөх ажлаасаа яагаад гарсан тухай асуултад даргаа баруун солгойгүй муулаад байж болдоггүй талаар есөн жилийн турш ажил горилогч нартай уулзаж, ярилцсан туршлагатай Бонни Дилбер ярьжээ.

Түүний үзэж байгаагаар өмнөх даргаа тэгж газар доор ортол муулах нь яагаад ч таатай сэтгэгдэл үлдээдэггүй гэнэ. Тиймд “Болохгүй, бүтэхгүй юм байгаагүй, би зүгээр л ахиж дэвших, өөрийгөө сорихыг хүссэн юм” гэх мэтээр эвтэйхэн хариулаад өнгөрөх хэрэгтэй гэнэ.

Эсвэл “Зүгээр л тэр орон тоо миний бодож байсан шиг сонирхолтой байгаагүй. Тийм болохоор илүү өөртэйгөө зохицох, сайн чадах ажил олохыг хүссэн юм” гэх зэрэг хариулт өгсөн ч болох юм.

Энгийн юм бүү асуу

Майкрософтын хүний нөөцийн албаны дарга Крис Уиллиамсын зөвлөж байгаагаар ажлын ярилцлага дээр ажил олгогчоос ажлын хамт олон гэх мэт энгийн, хэвийн юм асуух хэрэггүй, угаас тийм асуултад тодорхой хариулт өгдөггүй гэж зөвлөжээ.

“ХЭрэв үнэхээр орохоор төлөвлөж байгаа газрынхаа тухай мэдэж авъя гэвэл ярилцлагыг эргүүлэх хэрэгтэй. Тэд танаас юу асууж байна, тэр бүрийг нь эргүүлээд асуух хэрэгтэй” гэжээ.

Жишээлбэл, “Танай дарга ямархуу хүн бэ?” гэхийн оронд “Танай дарга хүнд бэрхшээлийг хэрхэн давж гарч байсан бэ?” гэх мэтээр асуувал түүний тухай илүү тодорхой төсөөлөлтэй болоход амархан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49