Ажлын байран дээр Миллэнниал, Зэт үеийнхний дургүйг хүргэж байгаа Бүүмер уламжлалууд
10 сарын 3. 15:560

Ажлын байр, соёл хурдтай өөрчлөгдөж байгаа орчин цагт ажиллах хүчний дийлэнхийг Миллэнниал, Зэт үеийнхэн эзэлж байна. Тийм ч учраас тэд өөрсдийн үнэт зүйл, үзэл бодол хийгээд дэлхийн хөгжилтэй уялдуулан ажлын соёл, дүрмүүдийг илүү уян хатан, учир утгатай болгон шинээр тогтоож байгаа билээ.

Статистик мэдээллээс үзвэл, Миллэнниал үеийнхэн өдгөө ажиллах хүчний ихэнхийг бүрдүүлж байгаа бөгөөд шинээр Зэт үеийнхэн маш хурдтай, олноороо ажлын талбарт гарсаар 2025 он гэхэд нийт ажиллах хүчний 27 хувийг бүрдүүлэх гэнэ.

Иймд тэдний хүсэл сонирхлыг даган ажлын байр, ажлын соёл, хэв маяг бүхэлдээ өөрчлөгдөхөөс гарцаагүй юм.

Хатуу, тогтсон цагийн хуваарь

Хуучин 09:00-18:00 цагийн хуваарь өдгөө хэдийн хоцрогджээ. Залуу ажилтнууд ямар ч ажил олгогчоос ажил, амьдралаа зөв зохицуулахад нэмэртэй уян хатан цагийн хуваарь шаарддаг болсон байна. Сүүлийн үеийн судалгааны тайлангаас үзвэл, ажлын талбар дээр буй нийт Зэт үеийнхний 73 хувь нь ажил олгогчоос хамгийн түрүүнд уян хатан цагийн хуваарьтай эсэхийг хардаг гэнэ.

Уян хатан цагийн хуваарь гэдэг нь бага цагаар ажиллана гэсэн үг биш, өөр цагаар бүтэн ажиллана л гэсэн үг юм. Учир нь зарим хүн өглөө, зарим нь орой илүү эрч хүчтэй, бүтээмжтэй байдаг шүү дээ.

Албан хувцаслалт

Биед тухгүй албаны хослол, хүзүү барьсан зангианаас салах цаг болсон бололтой. Үнэхээр ч өдгөө зарим ажлын газрууд энгийн хувцаслахыг зөвшөөрдөг болсон байна. Хэдий тав тух чухал ч гэлээ ажил дээр энгийн хувцаслах нь дан тухтай байхын төлөө байдаггүй.дуртай хувцсаа өмссөнөөр тухайн ажилтан өөрийгөө илүү сайн илэрхийлж, өөрийнхөөрөө ажиллах боломжтой болдог аж.

Удирдлагын олон шат дамжлага

Дээрээс доош, шат шатны олон удирдлагатай байдаг тогтолцоо маш хурдан хуучирч байна. Залуу ажилтнууд олон удирдагчтай байхаас илүү хүн бүрийн үзэл бодол, хувь нэмрийг анхаардаг, нэг цул байгууллагыг илүүд үздэг болжээ. Учир нь тэд шат шатны зөвшөөрөл, бичиг цаас эргүүлж цаг алдахын оронд санаж бодсоноо шууд илэрхийлэхийг хүсдэг гэнэ.

Үнэхээр ч ажилтан бүр санаагаа илэрхийлэх боломжтой орчинд илүү шинэлэг санаа, шийдвэр хурдан бөгөөд үр дүнтэй хэрэгжих нь мэдээж.

Хаалттай оффис, олон өрөө

Хүн бүр өөр өөрийн жижигхэн хайрцагтаа өдрийг өнгөрөөдөг уламжлал дуусаж байна. Оронд нь илүү нээлттэй, хоорондоо харилцах боломжтой оффисууд ажилтнуудад таалагддаг болжээ. Нээлттэй ажлын байранд хүмүүс хамтарч, үзэл бодлоо солилцон ажиллахад амар, дөхөм байдаг аж.

Амьдралаас чухал ажил

Миллэнниал, Зэт үеийнхэн ажлыг амьдралаас дээгүүрт тавихаас татгалзаж байна. Тэд ажлаа ч, амьдралаа ч зэрэгцүүлэн авч явахыг хүсдэг, түүнийхээ төлөө тэмцдэг, хичээдэг болжээ. Нэгэн судалгааны тайланд бичсэнээр “Миллэнниал үеийнхэн ажил, амьдралын тэнцвэрт хүрэх зам гаргаж, одоо харин Зэт үеийнхэн тэр замыг өргөжүүлж байна” гэжээ.

Дэндүү албан харилцаа

Ажил дээр албаны, хэт боловсон, хүндэтгэлтэй л ярих ёстой гэсэн үзэл үеэ өнгөрөөжээ. Залуу ажилтнууд хоорондоо зүгээр л өдөр тутмын ярьдгаараа энгийн, шулуухан ярилцахыг хүсдэг болж. Үнэхээр ч ингэснээр ажилтнууд бие биеэ илүү хурдан, зөв ойлгож, хамтран ажиллаж, нэгэндээ итгэдэг болж байгаа гэнэ.

Ажил үүргийн хатуу тодорхойлолт

Ямар хүн ямар ажлыг яаж хийх тухай нэг бүрчлэн тодорхойлж зааж өгдөг цаг өнгөрчээ. Миллэнниал, Зэт үеийн ажилтнууд өөр өөр төсөлд оролцон, шинийг сурч, өөрийгөө хөгжүүлэх эрх чөлөөг илүүд үздэг болсон байна. Залуу ажилтнуудаас авсан санал асуулгын дүнг харвал, Миллэнниал үеийнхний 66 хувь, Зэт үеийнхний 64 хувь нь өөр өөр ажил хийж, өөр өөр хариуцлага хүлээж үзэхийг хүсдэг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15