Израил улс болон “Хезболла” бүлэглэлийн хооронд үүсээд буй хурцадмал байдал улам даамжирч байгаатай холбогдуулан АНУ-ын эрх баригчид Ойрх Дорнодод нэмж цэрэг илгээж байгаа тухай Пентагоны төлөөлөгч даваа гарагт мэдэгдэв.
“Бүс нутагт байрлаж буй цэргүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид цөөн тооны цэргийн албан хаагчдыг нэмж илгээж байна” гэж Пентагоны төлөөлөгч, хошууч генерал Патрик Райдер сэтгүүлчдэд мэдэгджээ.
Газын зурваст жил шахам үргэлжилж буй дайнд ХАМАС-т дэмжлэг үзүүлж Израилын нутаг дэвсгэр лүү пуужингаар харваж байгаа “Хезболла” бүлэглэлийн эсрэг Израил улс цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм.
Өчигдөр Израилын цэргүүд Бекаа хөндийд, мөн Сирийн хилийн ойролцоох “Хезболла” бүлэглэлийн байрлалуудад цохилт өгчээ. Даваа гаргийн орой Израилын арми Ливаны нийслэлийн өмнөд захад өгсөн цохилтын бай нь “Хезболла”-гийн удирдагчдын нэг болох Али Караки байсан гэж аюулгүй байдлын албаны эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна.
Ж.Байдены засаг захиргаа Газад болж буй мөргөлдөөний хурцатгахгүй байхыг зорьж байгаа бөгөөд Израил, Ливаны хил орчимд үүсээд буй хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхийг хэдэнтээ уриалжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Ok