Хүн төрөлхтөнийг Ангараг гарагт суурьшуулахыг мөрөөддөг SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ирэх хоёр жилийн хугацаанд тус гараг руу нисгэгчгүй таван хөлөг хөөргөх төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа.
Ноён Маск өөрийн эзэмшлийн нийгмийн сүлжээний Х платформоор дамжуулан орон нутгийн цагаар 22-ны өдөр “Ирэх хоёр жилийн хугацаанд Ангараг гараг руу нисгэгчгүй таван "Starship" (SpaceX-ийн сар, Ангараг гарагийг судлах зорилгоор бүтээсэн сансрын хөлөг) хөөргөхөөр төлөвлөж байна. Амжилттай газардах эсэхээс үл хамааран Ангараг гараг руу чиглэх сансрын хөлгүүдийн тоог нэмэх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн "Хэрэв эдгээр хөлгүүд маань бүгд аюулгүй газардсан тохиолдолд дөрвөн жилийн дараа зорчигчтой хөлгийг хөөргөх болно. Гэхдээ ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд зорчигчтой хөлөг хөөргөх асуудлыг дахин хоёр жилээр хойшлуулна" гэжээ. Учир нь хоёр жилийн мөчлөгтэй тохиодог Дэлхий болон Ангараг гараг зэрэгцсэн үед л амжилттай газардах магадлал өндөр байдагтай холбоотой аж.
Маскийн SpaceX компани нь цөмийн дайн, супер вирусын дэгдэлт, хүн амын хэт өсөлт зэрэг гамшгийн улмаас дэлхийн соёл иргэншил сүйрэхээс өмнө Ангараг гараг дээр бие даасан хот байгуулах зорилготой гэдгээ мэдэгддэг билээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Нисгэгчгүй “Starship” хөлөг дараагийн таван жилийн дотор Ангараг гарагт хүрэх бол хүн төрөлхтөн долоон жилийн дотор Ангараг гарагт анх удаа хөл тавих болно” гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэж байв. “Starship” хөлөг нь өнгөрсөн зургадугаар сард дөрөв дэх туршилтын нислэгээ хийж дэлхийг тойрон амжилттай буцаж ирсэн бөгөөд энэхүү үйл явдал нь хүн төрөлхтнийг Ангараг гарагт хөл тавихад нэг алхам ойртуулсан явдал болсон хэмээн үнэлэгдсэн билээ.
Ноён Маск мөн өдөр Жо Байдены засаг захиргаа болон Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Камала Харрисыг шүүмжилсэн нь олны анхаарлыг татсан юм. Тодруулбал тэрээр “Яг одоогоор миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол жил ирэх бүр улам гаарч буй төрийн хүнд сурталтай холбоотойгоор “Starship” төсөл маань урагшлахгүй байх вий гэдэг асуудал” гээд Калифорнийн өндөр хурдны галт тэрэгний төсөлд сүүлийн хэдэн жилийн хугацаанд 7 тэрбум ам.доллар зарцуулсан ч хүнд суртлаас болж энэ төсөл ямар ч ахицгүй байгааг онцолсон байна. Тэрээр "Өдгөө АНУ-д “үүрлээд буй” хүнд суртал Ардчилсан засгийн газар болон Камалагийн засаг захиргааны үед улам бүр нэмэгдэх нь гарцаагүй. Ингэснээр Ангараг гарагт хүрэх энэхүү хөтөлбөр болон хүн төрөлхтөнд ихээхэн хохирол учрах болно” хэмээн өгүүлжээ.
Тэрээр Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй ерөнхийлөгч асан Дональд Трампыг маш идэвхтэйгээр дэмжиж буй билээ. Үүний хариуд ерөнхийлөгч асан Д.Трамп холбооны засгийн газрын нийт санхүүгийн байдал, гүйцэтгэлд аудит хийх, шинэчлэлийн талаар зөвлөмж гаргах шинэ хороо байгуулж, тэргүүнээр нь Илон Маскийг томилох бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Саяхан болсон сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр тэрээр "Намайг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд хүн төрөлхтөн Ангараг гарагт хөл тавих алтан мөч биеллээ олох боломжийг бүрдүүлэх талаар Илон Масктай ярилцаж, пуужингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно” хэмээн түүний энэхүү ажлыг дэмжихээ мэдэгдсэн юм. Д.Трампын дээрх хэлсэн үг Х платформ дээр тавигдахад Илон Маск "Yes!" гэж доор нь сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Asiae