ChatGPT хиймэл оюун ухаан бүхий чатботыг зохион бүтээсэн "OpenAI" компани бичвэрийг дүрс бичлэг болгон хөрвүүлдэг Sora гэх загвараа танилцуулжээ.
CNBC сувгаас тайлбарлаж байгаагаар Sora нь OpenAI компанийн бичвэрийг зурагт хөрвүүлэгч DALL-E гэх хиймэл оюун ухаан бүхий туслахтай ижил горимоор ажиллах гэнэ. Гэвч түүний гол онцлог нь тэр бичвэрийг бодит мэт үзэгдэх бичлэгт хөрвүүлэх чадвартай ажээ. Үүнээс гадна Sora хөдөлгөөнт бус зургаас үлгэрлэн дүрс бичлэг бүтээх чадвартай бөгөөд дүрс бичлэгийн хугацааг сунгах болон хоосон фрэймүүдийг нөхөх юм.
Тийнхүү OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтманы мэдэгдсэнээр тус бүтээгдэхүүн нь хараахан хэрэглээнд нэвтрэх болоогүй байгаа тул хязгаарлагдмал тооны хэрэглэгчид л бүтээгдэхүүнийг турших боломжтой гэжээ. Улмаар түүний эл мэдэгдэл дор алдарт YouTuber Mr.Beast-ийн зүгээс, "Сэм, гуйя, намайг битгий орон гэргүй болгооч" хэмээсэн байна.
Эх сурвалж: CNBC