Хятадын эсрэг чиглэсэн хагас дамжуулагчийн хамтын ажиллагааг Өмнөд Солонгос, АНУ, Япон зэрэг орнууд эхлүүлжээ. Тэд оптик технологи ашиглан дараагийн үеийн хагас дамжуулагчийг хамтран бүтээхээр шийдсэн байна.
Nippon Keizai Shimbun (Nikkei) сонины 29-ний өдөр мэдээлснээр, Солонгосын SK Hynix, Японы NTT, Америкийн Intel компаниуд "фото цахилгаан хайлуулах" технологид суурилсан дараагийн үеийн хагас дамжуулагчийг хамтран бүтээхээр ажиллаж эхэлсэн талаар онцлов.
Энэ нь электрон боловсруулалтыг гэрлээр орлуулдаг технологи бөгөөд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигласнаар эрчим хүчний зарцуулалтыг эрс багасгах сайн талтайгаас гадна тооцооллын хурд нь мянга дахин нэмэгдэх боломжтой аж. Түүнчлэн хагас дамжуулагчийн хэмжээг физикийн хязгаарт ойртох хэмжээнд хүртэл жижигсгэх боломжийг бүрдүүлж өгөх шинэ технологи хэмээн үнэлж байгаа юм.
Одоо ашиглагдаж буй хагас дамжуулагчууд нь оптик холбоогоор орж ирж буй мэдээллийг тусгай төхөөрөмжөөр дамжуулан цахилгаан дохио болгон хувиргаж, мэдээллийн төвийн серверүүд рүү дамжуулдаг. Улмаар сервер дотор хагас дамжуулагч нь тооцоолол болон санах ойг боловсруулахын тулд цахилгаан дохио солилцдог аж. Харин “фото цахилгаан хайлуулах”технологи нь шууд оптик дохио болгон боловсруулдаг ба дээр дурдсан төвөгтэй процессыг халж буйгаараа уг технологи онцлогтой.
Цахилгаантай харьцуулахад өндөр хурдны оптик харилцаа холбооны боловсруулалтыг идэвхжүүлэхийн тулд хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хамтрал нэн шаардлагатай байгаа билээ. NTT компани нь төв процессорын (CPU) үйлдвэрлэл талаасаа Intel-тэй, санах ойн хагас дамжуулагчийн хувьд SK Hynix-тэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Японы засгийн газар ч мөн энэ салбарын судалгаанд тун идэвхтэйгээр анхаарал хандуулах болжээ. Тодруулбал тус улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам дараагийн үеийн харилцаа холбооны стандарт болох 6G технологийн талаарх судалгааны ажлын хүрээнд 45 тэрбум иенийг зарцуулахаар төлөвлөж байгаа ба NTT компаниас гадна хагас дамжуулагч субстрат үйлдвэрлэгч Shinko Electric, санах ойн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Kioksia зэрэг компаниуд уг төсөлд оролцохоор төлөвлөж байна. Энэхүү технологийн хамтын ажиллагаагаар NTT болон бусад компаниуд 2027 он гэхэд гэрлийг хүлээн авах төхөөрөмж бүхий хагас дамжуулагч үйлдвэрлэх технологийг баталгаажуулахаар шийдсэнээс гадна өгөгдлийг терабит хурдаар хадгалах боломжтой санах ойн технологийг хөгжүүлэх төлөвлөгөөг мөн зарлав. Intel компанийн хувьд одоогийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээг 30-40 хувиар бууруулах технологийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулсаар ирсэн билээ. Харин NTT нь Aion-ээр дамжуулан эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлж, 2025 онд ойролцоогоор 10 дахин, 2032 онд 100 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.
Эх сурвалж: Maeil