2024/01/25: Тойм мэдээ
1 сарын 26. 11:550

Оросын хэвлэл: Samsung Electronics-ийн Орос дахь үйлдвэрийг орон нутгийн компани түрээслэхээр болжээ

ОХУ-ын Украины нутаг дэвсгэрт эхлүүлсэн “цэргийн тусгай ажиллагаа”-аас хойш үүдээ бариад буй Өмнөд Солонгосын Samsung Electronics компанийн Орос дахь үйлдвэрийг орон нутгийн компани худалдан авах юм уу эсвэл түрээсэлж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна.

Оросын агаарын цэргийн хүчний онгоц сүйрэн Украины 65 хоригдол амь үрэгджээ

Украины 65 хоригдлыг тээвэрлэж явсан Оросын агаарын цэргийн хүчний тээврийн онгоц хилийн орчимд осолдож, онгоцонд зорчиж явсан бүх хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ.

“Архигүй” Саудын Араб улсад анхны архи, согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүр нээгдэнэ

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, Исламын шашны хуулийн дагуу архи, согтууруулах ундаа уух, худалдан борлуулах, үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагааг эрс хориглодог Саудын Араб улсад энэ төрлийн анхны дэлгүүр тун удахгүй үүд хаалгаа нээхээр болсныг онцолжээ.

Умард Солонгос: Өнгөрсөн онд виртуал валютын 20 платформоос нэг тэрбум ам.доллар хакерджээ

Блокчейн шинжилгээний Chainalysis компанийн гаргасан тайланд дурдсанаар Умард Солонгосын дэглэмтэй холбоотой хакерын бүлэглэлүүд өнгөрсөн онд дэлхийн 20 виртуал валютын платформыг хакердаж, нэг тэрбум ам.доллар хулгайлсан болохыг онцолсон байна.

Microsoft-ын зах зээлийн үнэлгээ 3 их наяд доллар давлаа

Хиймэл оюун ухааны технологийн тэсрэлт хувьцааных нь ханшийг өсгөснөөр Microsoft компани зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларын босгыг давсан дэлхийн хоёр дахь компани боллоо.

Өмнөд Солонгост тагнуулын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж эхэлжээ

БНАСАУ-ыг ажиглах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой дунд өндрийн тагнуулын нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэж эхэллээ гэж Өмнөд Солонгосын зэвсэг худалдан авах газар (DAPA) мэдээлжээ.

Нисэх онгоцыг унагаснаар олзны цэргүүдээ хөнөөсөн гэж Украиныг буруутгажээ

Украины 65 олзны цэргийг солилцохоор тээвэрлэж явсан Оросын цэргийн тээврийн онгоцыг зориудаар пуужингаар харван сөнөөсөн гэж ОХУ лхагва гарагт Украиныг буруутгаад, эл явдлыг нийт 74 хүний аминд хүрсэн балмад террорист үйлдэл гэж мэдэгджээ.

Эвслийн цэргийг Иракаас гаргах асуудлаар хэлэлцээ хийнэ

Олон улсын эвслийн цэргийн хүчнийг Иракаас гаргах асуудлаарх хэлэлцээг тус улсын Засгийн газартай хийж эхлэхэд бэлэн байгаагаа АНУ-ын эрх баригчид илэрхийлжээ.

Гал зогсоох шинэ төлөвлөгөөг Израил болон ХАМАС-т танилцуулжээ

Газын зурваст гал зогсоох шинэ төлөвлөгөөг Катарын зуучлагчид Израил улс болон Палестины ХАМАС хөдөлгөөнд танилцуулжээ. Энэ талаар Bloomberg агентлаг яриа хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй эх сурвалжийг эш татан мэдээлэв.

Энэтхэгт ажлын байрны хомсдол үүссэнээс хөдөлмөрийн насны иргэд Израилыг зорих болжээ

Израил улсын хувьд ХАМАС-ын довтолгооноос болж 80,000 орчим палестин ажилтнаа алдсан тул барилгын салбараа сэргээхээр Энэтхэг, Хятад болон бусад улсаас нийт 70,000 ажилтан авч ажиллуулахаар төлөвлөөд байгаа билээ. Хэвлэлийнхний мэдээлснээр тэд Энэтхэг улсаас л гэхэд 10,000 орчим ажилтан авч ажиллуулах гэнэ.

Жүжигчин Райан Гослинг Академийн шагнал гардуулах ёслолын зохион байгуулагчдад сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгджээ

Барби киногоороо Академийн шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн төрөлд нэр дэвшсэн жүжигчин Райан Гослинг кинонд хамтран тоглосон, гол дүрийн жүжигчин Марго Робби, киноны найруулагч Грета Гервиг нарыг “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг найруулагч” төрөлд тус тус нэр дэвшээгүй явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Японы компани туна загасны махыг орлох бүтээгдэхүүнийг гарган авчээ

Японы хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч NH Foods компани ургамлын гаралтай орц найрлагаас “альтернатив туна” хэмээн нэрлэгдэх бүтээгдэхүүнийг гарган авчээ.

В.Орбан: Швед улс НАТО-д элсэхийг бид дэмжиж байгаа

Шведийг НАТО-д элсүүлэхийг Унгарын Засгийн газар дэмжиж байгаа гэдгийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярих үеэрээ илэрхийлсэн гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан лхагва гарагт олон нийтийн X сүлжээгээр мэдэгджээ.

Тайланд: Автомашинаар ил тээвэрлэж явсан тэжээвэр гүенгийн эзнийг баривчилжээ

Тайландын Паттая хотын замаар автомашинаараа зорчиж явсан эрэгтэй, задгай бүхээгтэй автомашиныхаа арын суудалд тэжээвэр арслан суулгасан байжээ. Bentley хөлөглөсөн эрийн хувьд найзынхаа тэжээвэр гүенг харж байхдаа түүний гүенг автомашинаас уясан байдалтай замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

Турк: Бодлогын хүүгээ 45 хувьд хүргэжээ

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 25-ы өдөр мэдээлснээр, Туркийн Төв банк мөнгөний бодлогын хорооны хурал хийж, үндсэн хүүг 45 хувь болгон нэмэгдүүлсэн болохыг онцлов.

Украины арми Оросын эрчим хүчний байгууламжид дахин цохилт өгчээ

Орост хүчээр нэгтгэсэн Крымын хойгийн ойролцоох эрчим хүчний байгууламж руу Украины арми агаараас цохилт өгсөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Тесла өнгөрсөн оны 4-р улиралд 25 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэл удаашралтай байснаас гадна шинжээчдийн таамаглаж байснаас ч доогуур үзүүлэлттэй гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47