Японы Honda компани Канадад 2 их наяд иенийн хөрөнгө оруулалттай цахилгаан автомашины үйлдвэр байгуулна
1 сарын 9. 22:190

Японы Honda компани Канад улсад нийт 2 их наяд иенийн хөрөнгө оруулалт бүхий цахилгаан автомашины шинэ үйлдвэр барихаар хэлэлцэж байна. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт болох бөгөөд Америк, Хятадын компаниудаас хоцорч байгаа цахилгаан автомашины салбартаа эрс шинэчлэл хийх зорилготой хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

Nihon Keizai Shimbun сонины 8-ны өдөр мэдээлснээр, Honda компани Канадын Онтарио дахь өөрийн автомашины үйлдвэрийнхээ ойролцоох газарт уг шинэ үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байгаа талаар онцолжээ.

Шинэ үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг энэ онд багтаан шийдвэрлэх гэнэ.

Түүнчлэн тус компани 2026 оноос эхлэн АНУ-ын Охайо мужид цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа билээ. Канад дахь шинэ үйлдвэр баригдсан тохиолдолд Honda компанийн Хойд Америкийн хоёр дахь цахилгаан автомашины үйлдвэр болох юм.

2028 он гэхэд Honda-гийн Хойд Америкийн бүс дэх цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 1 саяас давах төлөвтэй байна. Хойд Америк нь Honda компанийн хувьд маш чухал бүс нутаг бөгөөд дэлхий дахинд борлуулагддаг нийт автомашины 40 хувь нь тус бүс нутагт хамаардаг юм.

Тус компани 2023 оны санхүүгийн жилд (2023 оны 4-р сараас 2024 оны 3-р сар хүртэл) Хойд Америкт ойролцоогоор 1.6 сая ширхэг автомашин борлуулна гэж тооцоолж байгаа аж. Үүний дийлэнх нь бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл байхаар тооцоолсон байна.

Honda 2040 он гэхэд дэлхий даяар борлуулагдаж буй бүх шинэ автомашинаа цахилгаан болон түлшний эстэй автомашин (FCV) болгох зорилт тавьжээ. Уг төлөвлөгөөтэй холбогдуулан Хойд Америк дахь цахилгаан тээврийн хэрэгсэл болон түлшний эстэй автомашины борлуулалтын эзлэх хувийг 2030 он гэхэд 40 хувь, 2035 он гэхэд 80 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тул энэхүү шинэ үйлдвэр нь үйлдвэрлэлийн чухал бааз болох төлөвтэй байгаа юм. Түүнчлэн тус компани 2030 он гэхэд нийт 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, цахилгаан автомашины өрсөлдөх чадвараа улам бэхжүүлэхээр төлөвлөж байна.

Цаашид Канад улсад өөрийн цахилгаан автомашины батарейг үйлдвэрлэх талаар ч бодолцож байгаа аж.

Honda компани өнгөрсөн оны 2-р сарын сүүлээр АНУ-ын Охайо мужид LG Energy Solutions компанитай жилийн 40 ГВт/цаг (гигаватт цаг) үйлдвэрлэх хүчин чадалтай батарейны хамтарсан үйлдвэр байгуулж байгаагаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл уг үйлдвэр энэ оны сүүлээр дуусч, ирэх оны сүүлээр масс үйлдвэрлэлээ эхлэх гэнэ.

Жо Байдены засаг захиргаа 2030 он гэхэд нийт автомашины борлуулалтын зах зээлд цахилгаан автомашины эзлэх хувийг 50-д хүргэх зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэрчлэн АНУ-ын Нью-Йорк, Калифорни зэрэг мужууд 2035 он гэхэд бензин хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг хориглох шийдвэр гаргасан байна.

АНУ-ын засгийн газар цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зорилгоор цахилгаан автомашин худалдан авагчдад 7500 ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Гэхдээ энэхүү хөнгөлөлтийг авахын тулд Хойд Америкт угсарсан юм уу эсвэл тодорхой бүс нутгуудад л үйлдвэрлэсэн батарейг зөвхөн ашиглах шаардлагыг тавьж байгаа аж.

Хэрэв Honda компани Канад зэрэг Хойд Америкийн бүс нутгаас лити зэрэг батарейны гол түүхий эдээ худалдан авч чадвал ирээдүйд татаас авах магадлал нэмэгдэх юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35