Холливудын зохиолчдын ажил хаялт дуусахтай зэрэгцэн Netflix захиалгын төлбөрөө нэмэх төлөвтэй байна
2023, 10 сарын 5. 2:510

Стриминг салбартаа дэлхийд тэргүүлэгч Netflix компани захиалгын төлбөрөө нэмэх талаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарчээ. Уг үйл явдал нь Холливудын зохиолч, жүжигчдийн ажил хаялт дуусч байгаа энэ үетэй давхцаж байгаа нь тэдний шаардсан цалингийн нэмэгдлийг ийнхүү хэрэглэгчдээс авах гэж байна гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Бусад стриминг үйлчилгээ үзүүлэгч компаниуд ч зар сурталчилгаагүй багцынхаа төлбөрийг мөн нэмэгдүүлэх шийдвэр ар араас нь гаргасаар байна.

Wall Street Journal Уолл сонины мэдээлснээр “Netflix компани олон улсын хэд хэдэн зах зээл дээр захиалгын төлбөрөө өсгөх талаар авч хэлэлцэж байгаа бөгөөд АНУ, Канадын бүс нутгаас эхлэх магадлал өндөр байна” хэмээн онцолжээ.

Холливудын зохиолч, жүжигчдийн ажил хаялт албан ёсоор дууссаны дараа тус компанийн зүгээс захиалгын төлбөрөө нэмэгдүүлэх тухайгаа зарлах төлөвлөгөөтэй байгаа аж. Ойролцоогоор 148 хоног үргэлжилсэн энэхүү ажил хаялтын эцэст Кино, телевизийн продюсеруудын холбоотой хэлэлцээ хийж, ажил хаялтаа зогсоох урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай Америкийн Зохиолчдын үйлдвэрчний эвлэл өнгөрсөн сарын 24-нд мэдэгдсэн билээ. Тус холбооноос гишүүдийг батлах санал хураалтыг өнгөрөгч 2-ны өдрөөс эхлэн явуулж байгаа бөгөөд энэ сарын 9-ний өдөр дуусгавар болгохоор төлөвлөж байгаа аж. Зохиолчдын үйлдвэрчний эвлэлээс тусдаа ажил хаялтаа үргэлжлүүлэхээр болсон тухайгаа Жүжигчид, нэвтрүүлэгчдийн үйлдвэрчний эвлэл мэдэгдээд байгаа билээ.

Зохиолчдын үйлдвэрчний эвлэл энэ хэлэлцээнд цалин нэмэх асуудлыг гол асуудал болгон хөндсөн учраас стриминг үйлчилгээ үзүүлэгчид ийнхүү захиалгын төлбөрөө нэмэгдүүлэх магадлал өндөр байгаа юм. CNBC сувгийн мэдээлснээр, Зохиолчдын үйлдвэрчний эвлэл нь Кино, телевизийн продюсеруудын холбоотой хэлэлцээ хийхдээ 2026 онд цалингийн хэмжээг дор хаяж 5 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн бол 2024, 2025 онд тус бүр 4 ба 3.5 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Түүнчлэн нээлтээ хийснээс хойших эхний гурван сарын хугацаанд АНУ-ын стриминг үйлчилгээ захиалагчдын 20 гаруй хувь нь үзсэн бүрэн хэмжээний кино болон олон ангит киноны зохиолчдод уран бүтээлийн хугацаанаас хамаарч 9000-40500 ам.долларын урамшуулал олгохоор шийдвэрлэсэн юм.

Netflix компани нь хамгийн сүүлд өнгөрсөн оны нэгдүгээр сард захиалгын төлбөрөө нэмж байсан билээ. Тухайн үед Netflix үндсэн багцын захиалгын төлбөрийг сард 8.99 ам.доллароос 9.99 ам.доллар болгон нэмэгдүүлж байсан бол стандарт багцын захиалга сард 13.99 ам.доллар байсныг 15.49 ам.доллар, премиум багцын сарын төлбөр 17.99 ам.доллар байсныг 19.99 ам.доллар болгон нэмэгдүүлж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард харьцангуй хямд буюу 6.99 ам.долларын төлбөртэй, зар сурталчилгаа бүхий шинэ багцыг захиалагчдадаа санал болгосон билээ.

Сүүлийн үед стриминг компаниуд захиалгын төлбөрөө ар араасаа нэмэх болоод байна. Ялангуяа зар сурталчилгаагүй багцын төлбөрийг өсгөж байгаа бол зар сурталчилгаа бүхий багцын төлбөрийг хэвээр хадгалах хандлага ажиглагдах болоод байна. Энэ нь зар сурталчилгаа бүхий багцыг сонгохыг захиалагчдадаа уриалж, борлуулалтаа нэмэгдүүлэх стратеги хэмээн шинжээчид тайлбарлаж буй юм.

Тухайлбал энэ сарын 3-ны өдрөөс эхлэн Warner Bros компани өөрийн стриминг үйлчилгээний Discovery Plus-ийн зар сурталчилгаагүй багцын төлбөр сард 6.99 ам.доллар байсныг 8.99 ам.доллар болгон өсгөж байгаа бол зар сурталчилгаа бүхий багцын төлбөрийг 4.99 ам.доллар хэвээр үлдээхээр шийджээ. Disney Plus ч мөн зар сурталчилгаагүй багцынхаа төлбөрийг ирэх 12-ны өдрөөс эхлэн сард 10.99 ам.доллароос 13.99 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Харин зар сурталчилгаа бүхий багцын сарын төлбөр 7.99 ам.доллар байх аж. Disney Plus-ын охин компани болох Hulu мөн зар сурталчилгаагүй багцынхаа хураамжийг 14.99 ам.доллараас 17.99 ам.доллар болгон өсгөж, зар сурталчилгаа бүхий багцаа 7.99 ам.доллар хэвээр үлдээхээр шийджээ. Тэрчлэн Аmazon компани ч ирэх жилээс Amazon Prime стриминг үйлчилгээндээ зар сурталчилгааг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд сард 2.99 ам.долларын нэмэлт хураамж төлснөөр зар сурталчилгаагүй үзэх боломжтой гэх сонголтыг захиалагчдадаа санал болгох гэнэ.

Учир нь захиалагчид зар сурталчилгаа бүхий багцыг сонгох нь стриминг компаниудад илүү ашигтай байдаг аж. Тодруулбал Netflix компанийн удирдах түвшний нэгэн ажилтны хэлснээр “Захиалагчид зар сурталчилгаа бүхий багцыг сонгох нь сард 15.49 ам.долларын төлбөртэй зар сурталчилгаагүй багц сонгохоос илүү ашиг нь өндөр байдаг" хэмээн хэлсэн удаатай. Өнгөрөгч гуравдугаар сарын байдлаар Netflix-ийн зар сурталчилгаа бүхий багцыг захиалагчид нийт захиалагчдын 1.7 хувийг эзэлж байсан бол зургаадугаар сард 3.3 хувь болж өссөн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35