Хавай: Ой хээрийн түймрийн улмаас 96 хүн амиа алдаж, 1300 хүн сураггүй алга болж 5,6 тэрбум ам.долларын хохирол учирчээ
2023, 8 сарын 15. 4:500

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хавайн аралд гарсан ой хээрийн түймэр асар их хохирол дагуулаад байгаа билээ. Тодруулбал жуулчдын олноор зорчдог Мауи арал дээр гарсан ой хээрийн түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо өдгөө бараг 100-д дөхөөд байгаа ч ойрын өдрүүдэд энэ тоо нэмэгдэх нь гарцаагүй болоод байгаа аж. Учир нь сураггүй болсон хүний ​​тоо 1300-д хүрээд байгаа юм.

Одоогийн байдлаар энэхүү гамшигт үзэгдлийн улмаас 96 хүн амь насаа алдсан байна. Үүнээс гадна эдийн засгийн хохирлын хэмжээ 5,6 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарчээ.

CNBC зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хавайн амбан захирагч Жош Грин орон нутгийн цагаар 14-ний өдөр CBS телевизэд өгсөн ярилцлагадаа, ойрын 10 хоногийн хугацаанд үргэлжлэх эрэн хайх ажиллагааны явцад өдөрт 10-20 хүний ​​цогцос олдох магадлал өндөр байна гэж эрэн хайх, аврах багийнхан мэдэгдсэн талаар дурдав.

Одоогоор сураггүй болсон хүмүүсийн тоо 1300 орчимд хүрээд байгаа тул амиа алдагсдын тоо ч мэдэгдэхүйц нэмэгдэж магадгүй гэж тэрээр үргэлжлүүлсэн байна.

Грин “Амь насаа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх нь тодорхой болоод байна” хэмээн хэлээд гал маш хүчтэй байсан тул олдсон цогцосыг хэн болохыг тодорхойлоход хэцүү байгаа гэжээ.

Хавайн Мауи арал дээр гарсан ой хээрийн түймэр нь тус арлынтүүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшигт үзэгдэлд тооцогдоод зогсохгүй АНУ-ын хэмжээнд ч сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй том хэмжээний түймэр аж.

Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа удаашралтай байгаа нь мөн шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Хавайн цагдаагийн комиссар Жон Пелетиер 12-ны өдөр хэлэхдээ, эрэлч ноход гамшигт хамгийн их өртсөн Мауи арлын Лахайна хотын түймэрт өртсөн бүсийн ердөө 3 хувийг л самнаж дуусгасан талаар харамсан өгүүлсэн байна.

Тийм ч учраас амиа алдагсдын тоог эцэслэн гаргах боломжгүй байгаа талаар тэрээр үргэлжлүүлэн ярьжээ.

Засаг дарга Грин 13-ны өдөр хийсэн цахим мэдэгдэлдээ, Лахайна хотод 2700 орчим барилга, байшин сүйдсэн бөгөөд зөвхөн эдийн засгийн хохирлын хэмжээ 5.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгааг цохон тэмдэглэв.

Тэрээр энэхүү ой хээрийн түймрийг “галан хар салхи" хэмээн тодорхойлоод, хамгийн халуундаа ойролцоогоор 537 хэмд хүрсэн бол минутанд 1,6 километр тарж байсан хэмээн мэдэгджээ.

Грин ой хээрийн түймрийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлав. Ган гачиг нь халууны давалгаатай хавсраад ой хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлсний дээр өдгөө Хавайн арлын өмнө зүгийг чиглэн хөдөлсөн Дора хар салхи нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэж тэрээр нэмж хэлэв.

Үүний зэрэгцээ, хээрийн түймрийг цахилгаан дамжуулах шугамаас үүдэлтэй гэж хардах хүмүүс олон байгаагийн улмаас тус арал дахь цахилгаан эрчим хүчний компани болох Hawaii Electric Power Industries компанийн хувьцааны үнэ огцом унасан байна.

Учир нь энэхүү ой хээрийн түймэр гарсан шалтгаан нь цахилгааны шугамын богино залгаанаас оч алдсан нь батлагдвал нөхөн олговор төлж асар их хариуцлага хүлээх юм. Тодруулбал тус компанийн хувьцаа тухайн өдөр 36 хувиар буурч 20 орчим ам.доллар болжээ.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47