Мягмар гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр БНХАУ-ын валютын эргэлтийг зохицуулах албаныхан зарим арилжааны банкнуудаас ам.долларын худалдан авалтыг багасгах, хойшлуулах хүсэлт тавих болсон гэжээ. Эх сурвалжийн тайлбарласнаар үүний шалтгаан нь юанийн ам.доллартой харьцах ханшийн уналтыг сааруулах зорилготой гэнэ.
Юанийн ам.доллартой харьцах ханшийн хувьд энэ он гарсаар нийт 3.6 хувиар суларсан бөгөөд мягмар гарагийн байдлаар л гэхэд нэг ам.долларыг 7.16 юаниар худалдан авч байсан юм.
Уг мэдээллийн хүрээнд Ройтерс агентлаг Хятадын Ардын банканд хандаж, мэдээллийг баталгаажуулахыг хүссэн ч тэд тайлбар өгөхөөс татгалзжээ. Харин Хятадын Ардын банкны дэргэдэх Гадаад валют арилжааны төрийн удирдлагын газраас хэлснээр валют арилжаа тогтвортой байгаа гэсэн байна.
Эх сурвалж: The Reuters