Та магадгүй ажлын үеэр ярилцлага хөтлөн явуулагчийн зүгээс ажил горилогч нарт тавьдаг бүх л асуултуудад бэлдэж, бүх л хариултаа тогтоосон байх. Гэхдээ та зан авир тодорхойлох асуултуудад хэрхэн хариулахаа бэлдсэн үү? Хэрэв бэлдээгүй бол бид танд тусалъя.
Зан авир тодорхойлох асуултууд гэж юу вэ? Энэ асуултууд нь таны стрессийг хэрхэн даван туулдаг, хэдий хэр ур чадвартай, ажлын орчинд биеэ хэрхэн авч явдаг нэгэн болохыг тодорхойлоход чиглэсэн. “Таны давуу тал юу вэ?” гэдэг асуултад хүн бүр л хариулж чадна шүү дээ. Харин “Товлосон цагтаа ажлаа амжуулж чадаагүй үедээ та ямар арга хэмжээ авч байсан бэ?” гэдэг асуултад хариулж чаддаг хүн тийм ч олон биш.
Тэгвэл энэ төрлийн асуултад хэрхэн хариулах ёстой вэ?
Энэ асуултад хариулахад та 4 зүйлийг анхаарах хэрэгтэй.
Нөхцөл байдал. Тухайн цаг үед нөхцөл байдал ямар байсныг дүрслэх.
Даалгавар. Асуудлыг шийдвэрлэхийн тулд биелүүлэх ёстой даалгавар тань юу байсныг тодорхойлж хэлэх.
Үйлдэл. Даалгаврыг гүйцэтгэхийн тулд ямар арга хэмжээ авч, ямар үйлдэл хийх ёстой байсныг нарийвчлах.
Үр дүн. Тухайн нөхцөлд даалгаврыг гүйцэтгэхэд авсан арга хэмжээ тань ямар үр дүнд хүргэснийг дэлгэрэнгүй ярих.
Зан авир тодорхойлох асуултын төрлүүд:
-Цагийн зохион байгуулалтын тухай
Жишээ. Цаг нь тулсан ажлыг хэрхэн гүйцэтгэж байсан бэ? Урт хугацааны төсөл дээр хэрхэн ажиллаж байсан бэ? Ажлын ачаалал тань нэмэгдэж, тулгамдсан үед ямар арга хэмжээ авдаг вэ?
-Харилцааны ур чадварын тухай
Жишээ. Хамтран ажиллагсадтайгаа зөрчилдсөн үед ямар арга хэмжээ авдаг вэ? Чухал ажлыг буруу ойлгож, гүйцэтгэсэн бол яах байсан бэ? Харилцааны чадвар сул хүнтэй ажиллаж байсан уу?
-Багийн ажиллагааны тухай
Жишээ. Өөрөөсөө тэс өөр хүнтэй хэрхэн хамтран ажиллаж байсан бэ? Багийн гишүүн тань ажлаа гүйцэтгэж чадахгүй үед ямар арга хэмжээ авдаг вэ?
-Үйлчлүүлэгч, харилцагчтай хэрхэн ажилласан тухай
Жишээ. Үйлчлүүлэгчийн буруутай нөхцөлд ямар арга хэмжээ авч байсан бэ? Харилцааны доголдолтой үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцдаг вэ?
-Дасан зохицох чадварын тухай
Жишээ. Анхны ажил тань ямар байсан бэ? Ажлын орчинд гэнэтийн өөрчлөлт гарахад хэрхэн хүлээж авдаг вэ?
-Манлайлах ур чадварын тухай
Жишээ. Багаараа оноогдсон даалгаврыг амжилттай гүйцэтгэж байсан түүхээсээ хуваалцаач? Өмнө нь хийж байгаагүй ажлаа хэрхэн гүйцэтгэж байсан бэ?
Дээрх асуултуудад бэлдээд ажлын ярилцлагадаа ороорой! Танд амжилт хүсье!
ok