Европын холбооны компаниудын Хятадыг чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн дүнтэй гарчээ
2022, 8 сарын 19. 2:550

Bloomberg сувгийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, Европын холбоо болон Хятадын харилцаа муудаж байгаа ч Европын холбооны компаниудын Хятадыг чиглэсэн хөрөнгө оруулалт улам нэмэгдэж буй талаар онцолсон байна.

Зах зээлийн судалгааны Rhodium компанийн мэдээлснээр, Европын холбооны компаниудын Хятадад оруулсан хөрөнгө оруулалт энэ оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн байна. Энэ нь BMW компани эхний улиралд Хятадын Хуачень групптэй хамтран үүсгэн байгуулсан BMW Brilliance Automotive (BBA) компанийн хувьцааг нэмж худалдан авсантай холбоотой хэмээн Bloomberg суваг мэдээлэв.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд хийх хөрөнгө оруулалтын хэмжээ бага зэрэг буурч байгаа ч зарим хүмүүсийн таамаглаж байсанчлан Европын компаниуд Хятадын зах зээлийг тийм ч хурдан орхихгүй бололтой.

Он гарсаар эхний 6 сарын байдлаар Европоос Хятад руу хийсэн экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

"Одоохондоо Хятадын зах зээлийг орхин гарах ямар нэгэн томоохон хэмжээний хөдөлгөөн хараахан өрнөөгүй байгаа бөгөөд компаниуд аль хэдийн эхлүүлсэн төслүүдээ үргэлжлүүлж байна" гэж Rhodium группын шинжээч хэлэв.

Сүүлийн хэдэн жилд Европын холбоо болон БНХАУ-ын харилцаанд гарсан ан цав аажмаар томорсоор байгаа билээ. Тухайлбал өнгөрсөн онд Шинжаан Уйгарын өөртөө засах оронд хүний ​​эрхийн асуудлаар зөрчилдөөн үүссэний улмаас Европын холбоо болон Хятадын Хөрөнгө оруулалтын иж бүрэн хэлэлцээрийг Европын парламент соёрхон батлахаа түдгэлзүүлсэн бол энэ онд Украинд халдан түрэмгийлсэн ОХУ-ын эсрэг барууны холбоотон орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд Хятад улс нэгдээгүй нь хоёр талын зөрчилдөөнийг улам гүнзгийрүүлсэн юм.

Нэмж дурдахад, Европын холбооны гол хамсаатан болох АНУ-ын зүгээс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнээс Хятадыг хавчин гаргах бодлого баримтлан зөвхөн холбоотон орнууд дээр түшиглэсэн шинэ зохион байгуулалтыг хийхээр ихээхэн хүчин чармайлтаа гаргаж байгаагаас нэг талаас Барууны орнууд, тэр дундаа АНУ болон нөгөө талаас Хятад, Оросын хооронд өрнөж буй “шинэ хүйтэн дайн” улам бүр гүнзгийрсээр байна.

Гэсэн хэдий ч Европын холбооны компаниудын Хятадыг чиглэсэн хөрөнгө оруулалт буурахгүй байгаа шалтгаан нь юуны түрүүнд цар тахлаас үүдсэн эдийн засгийн уналтыг Хятад улс бусад орнуудтай харьцуулахад илүү хурдан даван туулж байгаатай холбоотой гэж Bloomberg суваг тайлбарлав.

Энэ жилийн эхээр тус улс дахь цар тахлын нөхцөл байдал муудаж Шанхай зэрэг томоохон хотуудад чанга хатуу хөл хорио тогтоосноор үйлдвэрлэлийн салбар доголдоход хүрсэн ч гадаадын олон компаниуд Хятадын зах зээлд байр сууриа хадгалж үлдэх нь илүү ашигтай гэж үзэж байна.

Тухайлбал, BMW энэ оны эхээр Шэньян дахь үйлдвэрээ өргөтгөсөн бол Ауди анхны цахилгаан автомашины үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Airbus хамгийн сүүийн дамжлага болох угсралтын үйлдвэр байгуулсныхаа ачаар Хятадын зах зээлд байр сууриа бэхжүүлсээр байгаа билээ.

Эсрэгээрээ геополитикийн хурцадмал байдал нь Европын холбооны компаниудыг Хятадын дотоодын үйлдвэрлэлийн сүлжээг өргөжүүлэхэд дөхөм болж буйг ч үгүйсгэх аргагүй.

Bloomberg сувгийн онцолсноор цаашид байдал өөрчлөгдөж магадгүй хэдий ч яг одоогийн нөхцөл байдалд Европын холбооны компаниуд олон улсын зах зээл дэх үйл ажиллагаа болон Хятадын зах зээл дэх үйл ажиллагаагаа салган тусгаарлах сонголтыг хийж байна.

Өөрөөр хэлбэл геополитикийн эрсдэлд орохгүйн тулд орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээнүүдтэй түншлэлийг бий болгох нутагшуулах стратегийг баримталж байгаа юм.

Bloomberg сувгийн зүгээс үүний нэгэн жишээ болгон Volkswagen компани Хятадад бүс нутгийн захирлуудын зөвлөлийг байгуулаад тогтохгүй илүү бие даасан эрх олгож, шийдвэр гаргах үйл явцыг хялбаршуулж өгснийг дурджээ.

Түүнчлэн, Хятад дахь салбар компаниуд гадаад ажилчдынхаа тоог аажмаар цөөлж, олсон ашиг орлогоороо эргүүлэн Хятадад хөрөнгө оруулах ёстой гэх улс төрийн дарамт шахалтад өртөж байгаа тул Европын холбооны компаниуд тус улс дахь үйл ажиллагаандаа бүрэн дүүрэн хяналт тавьж чадахаа больсон зэрэг шалтгаан нь эдгээр компаниудыг Хятадын зах зээлийг амархан орхих боломжийг бүрдүүлэхгүй байна хэмээн мэдээллийн агентлаг цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02