Алдарт дуучин Жон Ленноны ууган хүү Жулиан Леннон хувийн цуглуулгаасаа хөгжмийн түүхийг өгүүлэх хэд хэдэн бүтээлийг зарах болжээ.
Гэхдээ тэрээр бүтээлийг тэр чигт нь зарчихгүй харин дэвшилтэт технологийг ашиглан дурсгалын зүйлсийг NFT хэлбэрээр худалдаалах болсон байна. Ингэснээр тэрээр эд зүйлсийг биет хэлбэрээр эзэмших хэдий ч крипто ертөнцөд хүмүүс тухайн бүтээлийг эзэмшиж болох юм.
Тийнхүү дуудлага худалдаанд оруулах бүтээлүүд дунд Жон Ленноны Help! кинонд тоглохдоо нөмөрч байсан хар нөмрөг, Бийтлз хамтлагийн Hey Jude дууны нот гар бичмэлээрээ байх гэнэ. Одоогоор олон нийтийн таамаглаж байгаагаар тус нотын гар бичмэл л гэхэд 60 мянган ам.доллар хүрэхээр байгаа юм.
Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс бүтээл тус бүр аудио-зураг гэсэн NFT хэлбэрээр байх бөгөөд хажууд нь Жулиан Ленноны хүүрнэлийг хавсаргасан байхыг ч дуулгасан байна.
Харин дуудлага худалдааны орлогын тодорхой хувь нь Жон Ленноны нэрэмжит Цагаан Өд санд очих ажээ. Цахим дуудлага худалдаа нь ирэх сарын 7-ны өдөр зохион байгуулагдахаар товлогджээ.
Эх сурвалж: BBC