Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
​Ажилдаа хайртай хүмүүсийн гурван нууц
Ажил мэргэжил ба карьер · 6 сарын 15. 11:16 · 1,196

Би ажилдаа хайртай гэвэл та итгэхгүй л байх даа. Ажилдаа хайртай, дуртай байх гэсэн ойлголт эртний сударт л гардаг мэт санадаг байх. Гэтэл ажилдаа хайртай хүмүүст биднээс ялгарах зүйл тийм ч олон байдаггүй. Гэвч тэд нийтлэг замаар явдаг бөгөөд тэрхүү зам нь хийдэг зүйлдээ дуртай байхад нь нөлөөлдөг. Энэ бол:

1.Тэд алдаа гаргаж сурсан

Алгаа тосон алдаагаа хүлээж ав гэдэг нь цаанаа учиртай. Хүн бүр ажлын амжилт гаргаж, дуртай зүйлээ хийж, аян замдаа бүдэрч унаж л байсан. Яагаад? Учир нь тэд карьераа ахиулахыг, өөрчлөхийг хүсдэг эсвэл ямар нэгэн зүйл нь болохгүй бол суусан газраа суугаад байдаггүй. Тэд шинэ зүйлсийг оролдож үздэг. Ингэмэгц зарим зүйлс нь тун сайн бүтэхэд зарим нь бүтэлгүйтдэг.

Гэхдээ амьдралд ийм зүйл болж л байдаг. Аз жаргалтай, амжилттай хүмүүс үүнийг мэддэг. Бүдэрсний дараа өвдөлт аажим аажмаар намддаг. Энэ үед алдаанаасаа суралцах нь ямар чухал болохыг ойлгодог. Цаг хугацаа өнгөрөх тусам таны алдаа эмгэнэлт явдал байхаа больж, таны багажны хайрцагны шинэ хэрэгсэл болон хувирдаг. Яахав энэ удаа байндаа хүрээгүй боловч дараагийн удаа зөв онилж чаддаг.

Хэрхэн бодит болгох вэ?

Цаг хугацаа бол хамгийн сайн багш юм. Гэхдээ сургуулилт хийснээр энэ явцыг хурдасгах боломжтой. Ямар ч алдаа гаргасан түүнийгээ дотноор хүлээн авч, үүнээс ямар туршлага авч болохоо эргэцүүлэх хэрэгтэй. Тухайлбал гайхалтай сайн илтгэл бэлдлээ. Түүнийгээ тавьтал хүмүүсийн сэтгэлд төдийлөн хүрээгүй нь илт болов. Яг энэ үед даргаасаа хаана алдсан, юуг зас ч болох байснаа асуух хэрэгтэй. Хатуу үнэн үгсийг сонсох амаргүй байх нь ойлгомжтой. Гэвч ингэж чадвал алдаагаа хурдан хүлээн зөвшөөрч, сургамжаа хурдан харж эцэст нь сурдаг.

2.Тэд өөртөө итгэлтэй

Өөрийн хэн болох мөн хийдэг зүйлдээ итгэлтэй байснаар хийдэг ажилдаа дурладаг. Та өөрийн чадварт бүрэн итгэснээр даалгавар тус бүрд бүх хүчээ зарцуулж, дуртай төслүүддээ хамрагдаж, хамтран ажиллагчидтайгаа сайн харилцаа үүсгэдэг. Энэ бүхэн нийлээд ажлын аз жаргалыг нэмэгдүүлдэг. Та өөрийн хийж буй зүйлдээ итгэлтэй байж, саад тотгор хараад тэвдээд байдаггүй бол хүмүүс таныг өөрийн арга барилаараа ажлаа хийхийг зөвшөөрдөг. Таны ажил бүрийг зааж, хянадаг даргатай ажиллаж үзсэн бол өөрийн зоргоор, өөрийн арга барилаар ажлаа өрнүүлэх нь ямар сайхан, эрх чөлөөтэй болохыг сайн мэднэ байх.

Хэрхэн бодит болгох вэ?

Өөртөө итгэх итгэлийг туршлага бий болгодог. Гэхдээ өөр зүйлээс ч гэсэн олж авч болно. Туршлагагүй шинэ ажилтан ч гэсэн хамтран ажиллагчдынхаа итгэлийг олж, алхам бүрээ заалгахгүй байж чадна. Хамгийн сайн чаддаг зүйлээ олж, оффисын өдөр тутмын ажилтайгаа уялдуулах хэрэгтэй. Хэрэв таны бичгийн чадвар сайн бол тайлан болон мэйл бичиж, олонд танигдаарай. Сайн хийж чадна гэж итгэсэн зүйлдээ хамаг бүхнээ зориул. Ингэснээр таны хувьд хийж буй зүйлдээ дуртай болно. Танай хамт олон таны онцгой чадварыг таньж мэднэ. Эцэст нь бусад чадвараа хөгжүүлэх эрх чөлөөг танд олгоно.

3.Тэд ажилдаа үргэлж дуртай байдаггүй

Ажилдаа байнга дуртай байдаг хүн гэж л байдаггүй. Ажил дээрээ тааруухан өдрүүдийг өнгөрөөх нь ойлгомжтой. Ийм зүйл бид бүгдэд тохиолддог энгийн нэгэн үзэгдэл.

Хэдэн хоног, хэдэн долоо хоног, хэдэн сар ажилдаа дуртай байдаг хүмүүсийн ялгарах зүйл гэвэл сайнтай муутай өдрүүд ээлжлэн өрнөдөгт оршдог. Мөн цаг үргэлж төгс, сайхан байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр таны сэтгэл өөдрөг болж, муу өдрийг даван гарах хүчтэй болж, маргаашийг тэсэн ядан хүлээдэг.

Хэрхэн бодит болгох вэ?

Олон жилийн өмнө надад нэгэн таагүй зүйл тохиолдоход манай найз Энэ бүхэн яг одоо чиний бодож байгаа шиг таагүй зүйл биш ээ. Гэртээ харьж, жаахан нойр аваад, маргааш өглөө саруул ухаанаар бүхнийг хараад үз. Бүх зүйл хамаагүй дээр болсон байх болно.” Гэж хэлж байсан юм. Яасан гээч? Түүний зөв байсан. Муу өдрүүд ирж л байдаг. Гэхдээ өдөр бүхэн муу байдаггүй. Ажил дээр таагүй зүйл тохиолдоход улам хүндрүүлэхийг сонгож болно эсвэл энэ бүхэн тоглоомын нэгэн хэсэг болохыг зөвшөөрч, шинэ өдрийг хүлээж болно.

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976)8605 2200, (976)8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@zangia.mn

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.