МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ 15 НАС ХҮРЛЭЭ

Үүсгэн байгуулагдсан түүх
Монгол Улсад 2003 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн төсөл хөтөлбөр эхэлснээр арилжааны банкнуудаар дамжуулан анхны орон сууцны зээл олгогдож эхэлж байсан. Төслийн хэрэгжих хугацаа дуусгавар болж, банкнууд өөрийн эх үүсвэрээр иргэдэд үргэлжлүүлэн орон сууцны санхүүжилтийн зээл олгож байсан ч санхүүжилт хомс, зээл олголтын тоо, хэмжээ хязгаартай, өндөр хүүтэй, богино хугацаатай олгогдох зэрэг хүндрэлүүд байлаа.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн техникийн тусламжийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд, дутагдаж байсан институцуудыг шинээр үүсгэн байгуулах, эрх зүйн орчинг бий болгох (хоёр дахь үеийн шинэчлэл) цогц зөвлөмжийг эрх бүхий төрийн байгууллагуудад өгсөн байдаг. Тухайлбал ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулахыг зөвлөсний үр дүн нь өнөөдрийн МИК юм.
Иймд Монгол Улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Монголбанк нь тухайн үед банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан банкнууд болох Анод банк, Голомт банк, Зоос банк, Капитал банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хаан банк, Хасбанк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнууд хамтран Монголын Ипотекийн Корпораци ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээг байгуулж, улмаар 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор улс бүртгэж авсан түүхтэй.