Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн.
...Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!...
Орчлон хорвоогийн мөнхийн зүй тогтол. Өтөлсөн янгир насны туйлд хүрээд өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдолж нулимс унагам учрал тохиолтой анчин таарчээ. Амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж амьд ертөнц тэр аяараа буй ажгуу. Амьд амьтан, эх нутаг хоёр учран золгох, хагацан салах уулзвар дээр ертөнц оршином. Хэзээ нэгэн өдөр хүмүүнийг ч бас янгирын адил эцсийн зогсоол нь хүлээж байдаг билээ...
Уг шүлэг ЕБС-ийн дунд, ахлах ангийн заавал цээжлэх шүлэг билээ.
Өгүүлэгч: Т.Эрдэнэчулуун