Монгол угшилтай чэжү адуу жуулчдын хайрыг татсан хэвээр
5 сарын 15. 13:470

Олон улсаас жуулчдын зорин очдог Чэжү арлын хамгийн хайр татам амьтдын нэг бол яах аргаргүй аадгар биендээ баймааргүй хүч тэнхээтэй чэжү адуу.

Өнгөрсөн сарын 28-нд урин цагийг угтан анх удаа Чэжү адуу бэлчээх соёлын наадам зохион байгуулж, зүчээнд өвөлжсөн зуу орчим толгой чэжү адууг бэлчээрт гаргаж буй үйл явдлыг олонд сонирхууллаа.

 

 

Тэгвэл эртнээс Чэжү нутгийн чухал бэлгэ тэмдэг болсон адууны тухай бид юу мэдэх вэ? Пони, аадгар морь, давжаа морь, одой морь гэж нэрлэх нь зөв үү? Чэжү хэзээнээс адуу үржүүлж эхэлсэн бэ?

Баттай тэмдэглэж үлдээсэн баримт хомс ч гэлээ, Чэжүд адуу маллаж эхэлсэн түүх Тамна вант улсын үетэй холбогддог. Домогт өгүүлснээр Тамна вант улсын байгуулсан арьсан хувцаст, ачнин гөрөөчин, махан идэшт газрын гурван бурхан урьд өмнө Чэжүд байгаагүй жимс ногоо, адуу, үхэр тэргүүтэй мал хуйг авчирсан гэдэг.

 

 

Тус домгоор мөн ан агнуурын үе дуусаж мал аж ахуй, тариалангийн үе эхэлсэн цагийг тэмдэглэсэн гэж үздэг байна. Утга зохиолд харин Тамна вант улс хамгийн анх Гуулин улсад Мүн Жун засагласны 27 дахь ойгоор(1073 он) адуу бэлэглэж байсан тухай тэмдэглэсэн байна. Үүнээс үзвэл, Чэжүд анх НТ 1000-аад онд адуу үржүүлж эхэлжээ.

Түүнээс гадна Гуулин улсад Уон Жун засагласны 14 дэх жилд(1273 он) Юань гүрний цэргүүд Самбелчу армийг Чэжүд бүрмөсөн бут ниргэснийхээ дараа тус арлыг зэвлэх адуу өсгөх бэлчээр болгон онцгой анхаарал хандуулсан байдаг.

Улмаар Гуулин улсад Чүн Ёл ван суусны хоёр дахь жилд(1276 он) монголчууд Чэжүгийн Сү Сан нэрт газарт 160 монгол адууг арвин туршлагатай адууч, уяачдын(солонгосчууд Юань гүрний тусгай адуучдыг Муку хэмээн тэмдэглэжээ) хамт аваачиж, өөрсдийн арга барилаар өсгөн үржүүлжээ.

Ийнхүү Чэжү арал Гун Мин ван ширээнд заларсан 23 дахь жил(1374 он) хүртэл зуу орчим жилийн турш Юань гурний шууд удирдлага дор зэвлэх адуу өсгөж, цэргүүдийг хангаж байлаа.

Дэлхийг байлдан дагуулж байсан өргөн уудам газар нутагтай Юань гүрэн яагаад заавал дорно Азийн жижигхэн арлыг онцгойлон сонгож, зэвлэх хүлгүүдээ өсгөж байсныг мэргэжлийнхэн Чэжүгийн зөөлөн уур амьсгал, үржил шимт бэлчээртэй холбон тайлбарладаг.

Чэжүгийн үндэсний их сургуулийн захирал асан Жү Ган Хён “Чэжүгийн аялал” номдоо “Монголын эзэнт гүрний харааг Тамнагийн бэлчээр булаахаас аргагүй. Зэрлэг араатангүй, эх газраас тусдаа ийм нутагт адуу мал сайн өсөхөөс гадна төөрч, уруудаж, хулгайд алдагдана гэх аюулгүй. Азид өөр ийм зориудаар адуу өсгөж, төвлөрүүлж байсан газар бараг үгүй биз” гэжээ. Тэрээр мөн “монголчууд гуулин хүмүүсээс дайчлахын оронд өөрсдийн тусгай адуучдыг шилмэл азаргуудтайгаа авчирч, ур ухаанаараа цэрэг дайн, уналга ачилгын зорилгоор тусгайлан бэлтгэдэг байж. Монголын адуу өсгөх ухаан тухайн үедээ нууц дэвшилтэт технологид тооцогддог байлаа. Тийм ч учраас монгол адууны бэлчээрт гуулин хүн ойртох ч эрхгүй байв” гэжээ.

 

 

Гэвч тэр үеийн монгол адуу орчин цагийн чэжү адуу биш юм. 1374 оны үед Гун Мин вангийн Юанийн эсрэг бодлогыг эсэргүүцэн Чэжүд зуу гаруй жил аж төрсөн монгол адуучид бослого эхлүүлсэн ч Гуулин улсын Чуй Ён жанжны цэргүүдэд цөм хядуулсан байдаг.

Тийнхүү Чэжүгийн энгийн номхон ард иргэд монголчуудын адуу өсгөх нарийн ухааныг сурч чадалгүй хоцорчээ. Тэр цагаас хойш монголчуудын тусгайлан бэлдэж байсан зэвлэх хүлгүүд хараа хяналтгүй бэлчиж, нутгийн уугуул болон наймаачдын адуутай холилдсон гэдэг. Тухайн үед Солонгосын газар нутагт Гуахама хэмээх уугуул угшлын адуу хамгийн түгээмэл байсан нь 90.9см өндөртэй аадгар адуу байж.

Чэжүгийн үндэсний их сургуулийн профессор Жон Сон Воны тайлбарлаж байгаачлан тухайн үед монголчуудын үлдээсэн адууг ховордохоос өмнө өөр угшилтай нийлүүлэн шинэ, биеэр том үүлдэр гаргаж байсан ч тэдгээр нь Мин улсад дайчлагдан одоод Чэжүд дан давжаа адуу үлдсэн гэнэ.

Тэр цагаас хойш арал дээр үлдсэн адуу нутгийн уур амьсгалд дасан зохицож амьдарсаар өдөө бие жижиг ч чадал, тэвчээр, ухаан сайтай, зөөлөн араншинтай чэжү адуу болжээ.

 

 

 

Өдгөө чэжү адууг тусдаа үүлдэр хэмээн үздэг бөгөөд азарга нь дунджаар 125-128 см(сэрвээн өндөр), гүү нь дунджаар 118-125 см өндөртэй байдаг гэнэ.

Чэжү адуу номхон зантай тул тангарах, хазах гэдгийг мэддэггүй, элдэв өвчний эсрэг дархлаа маш сайтай, хүнд ачааг удаан хугацаагаар хол зайд ажралгүй тээвэрлэдэг, 42 км.ц хурдалдаг, өдгөө цэвэр чэжү адуу Солонгост өндөр үнэ хүрдэг аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
02024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14